Засгийн газар зургадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт гацсан ламхай нарыг эх оронд нь авчирахаар болсон билээ. Үүний дагуу өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гома дацанд шавилан сууж буй 229 ламхай ирсэн юм. Нийт 251 иргэн эх орондоо ирснээс Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай ирсэн. Тухайн үед УОК-ийн шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоц хөөргөж, төрөөс зардлыг нь дааж байгаа, тодруулбал монголын хүүхдийн сангаас зардал нь гарч буй хэмээн хэвлэлээр мэдээллэж байсан. Гэвч монголын хүүхдийн сан нь НҮБ-ын “Хүүхэд хөгжлийн сангаас санхүүждэг бөгөөд бүх зардал тус сангаас гарчээ.Харин насанд хүрсэн лам нар өөрсдийн зүгээс бүх зардлаа хариуцаж ирсэн байна. Энэ талаар НҮБ-ын “Хүүхэд хөгжлийн сан” өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Энэхүү тайлан мэдээндээ “Энэтхэг улсын Гоман дацанд шавилан сууж байсан Монголын 178 ламхайг НҮБ-ын Хүүхэд хөгжлийн сангаас 100 хувь санхүүжүүлэн, эх оронд нь амжилттай хүргэлээ. Тус ламхай нарын 70 хувь нь монголын нүүдэлчин малчин гэр бүлээс гаралтай учир нислэгийн зардал, тусгаарлалтын байрны төлбөр зэргийг өөрсдийн зүгээс даах боломжгүй байсан.
Тиймээс НҮБ-ийн “Хүүхэд хөгжлийн сан”, Энэтхэг дэхь Монгол улсын ЭСЯ-тай хамтран:
- Хийдээс ламхай нарыг Гоа олон улсын нисэх онгоцны буудал руу тээвэрлэх
- Онгоцны бүх талын зардал
- “Найрамдал” зусланд 21 хоног тусгаарлагдах төлбөр
- Тусгаарлалтанд байх хугацаанд ламхай нарын ариутгал, халдваргүйжүүлэлтэд зориулж / гарын саван, ариутгагч бодис, шампунь, шүдний оо, шүдний сойз, гарын алчуур, бичгийн хэрэгсэл, монгол уламжлалт тоглоомууд/зэргийг сангаас бүрэн гаргаж энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Мөн ламхай нарыг эх оронд нь аваачсан цагаас хойш НҮБ-ын Хүүхдийн сан тэдэнд үзүүлэх техник, санхүүгийн туслалцааг үргэлжлүүлэн хийсээр ирсэн юм. Жишээлбэл, хорио цээрийн дэглэмд байгаа хүүхдүүдийн тав тухтай байдлыг хангах, хүүхдүүдийг гэр бүлтэй нь буцаан нэгтгэх, тэднийг нийгэмшүүлэх зэрэг асуудлууд дээр анхаарч ажилласан билээ. Харин ламхай нарын зүгээс энэ хугацаанд нэг ч халдвар илрээгүйд нь бидний зүгээс талархаж байна. Энэхүү үйл ажиллагаа нь “Хайр өвтгөдөггүй”, “Чи ганцаараа биш” төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил бөгөөд хүүхдүүдийн сайн сайхны төлөө хандивлагч олон улсын байгууллагуудын тусламжтайгаар амжилттай болсныг энд дурдах нь зүйн хэрэг юм. Олон талын хамтын ажиллагааны үр дүнд энэхүү ажиллагаа амжилттай болсон бөгөөд хамтран ажилласан Япон, Австралийн Засгийн газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын хариу арга хэмжээ, сэргээн босгох сан болон Энэтхэг, МУ-ын засгийн газруудад талархал илэрхийлж байна” хэмээн бичжээ.
Дэлхий даяар коронавирус тархаж эхэлсэн цагаас хамгийн хүнд байдалд байсан иргэд бол Энэтхэгт шавилан сууж буй ламхай нар. Тэдний зүгээс хоёрдугаар сараас эхлэн эх орондоо буцах хүсэлтийг олон удаа гаргасан ч МУ-ын ЗГ таг чиг байсаар зургаан сард гадны байгууллага ийнхүү тэдний хүнд нөхцөл байдлыг ойлгон эх оронд нь авчирчээ. Түүгээр ч зогсохгүй тусгаарлагдах байрны тав тух, ариутгал, халдваргүйжүүлэлт дээр анхаарч ажилласан нь сайшаалтай.
Гэтэл МУ-ын ЗГ-ын зүгээс иргэддээ хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх нь бүү хэл тусгаарлах байрны бохир заваан орчин, чанар муутай хоол хүнсний асуудлаас болж хэл ам тасрахгүй байгаа билээ. Иргэдийн хувьд ч өнгөрсөн хугацаанд цугласан хандив, гадаадын зээл тусламжын мөнгөний зарцуулалтыг илүү нарийвчлалтай, бодитой гаргахыг шаардаж эхлээд байна.