2019.05.30 – 2019.05.31-ний өдөрт шилжих шөнө Өргөө амаржих газарт дахин нэг эх амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Өргөө амаржих газарт амаржихаар ирсэн 37 настай эмэгтэй есөн сар бүтэн тээсэн хүүхдээ төрүүлэхээр ирээд амь насаа алджээ. 37 настай Ч нь өмнө нь дөрвөн хүүхэдтэй, тав дахь хүүхдээ төрүүлэхээр ирсэн байж. Гэр бүлийнхнийх нь хэлж буйгаар тэрээр хагалгаанд орохоор хүлээж, дусал тариа хийлгэсэн байсан бөгөөд үүнээс хойш хараа хяналтгүй орхисноос амь насаа алдсан гэлээ.
Талийгаачийн ээж:
ӨРӨӨНДӨӨ ГАНЦААРАА, ОРОН ДЭЭРЭЭ ӨНГӨРСӨН
Миний охин Ч нь тавдугаар сарын 23-ны пүрэв гарагт Өргөө амаржих газрын төлөвлөгөөт хагалгаанд орохоор хэвтсэн. Долоо хоноод өчигдөр 17.38 минутын үед “Ээжээ зүгээрээ, дусал хийсэн” гээд ярьсан.
Орой 10.27 цагийн үед нөхөртэйгөө ярихад зүгээр байсан бөгөөд 03:19 цагийн үед нөхөр рүү нь танихгүй дугаараас залгаад эхнэр чинь сэхээнд байна, хурдан ор гэсэн. Ирэхэд нь нөхрийг нь оруулаагүй бөгөөд өрөөндөө ганцаараа өнгөрсөн байсан юм билээ.
Жижүүр эмч О гэдэг эмч байсан. Сэхээнд байгаа гэж худлаа ярьсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Биднийг ирэхэд бүх юмыг нь цэвэрлэчихсэн. Хамраас нь жаахан цус гарсан байсан. Гомдолтой байна.
Хоёр хөлөөрөө явж ирсэн хүүхдийг минь ийм болгочихлоо. Өрөөндөө, орон дээрээ ганцааранг нь ургаас нь ч салгаагүй байсан. Малыг хүртэл ургаас нь салгадаг шүү дээ. Эмнэлгийн захиргаанд би одоо өргөдөл бичээд сууж байна. Энэ бүхнийг би худлаа гэж бодоод сууж байна.