УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, "Төсвийн тодотголыг дагаж орж ирсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тухай асуулт байна. Гэтэл ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан алга. Ажлын хэсгийн дарга, байнгын хорооны дарга нь хариулах ёстой биз дээ. Хоёулаа байхгүй байна. Бид боловсролыг дэмжих жил гээд зөв уриа гаргаад явж байгаа. Боловсролын салбарт хувийн сургууль болон улсын сургуулийн тэгш бус байдлаас үүдсэн сурагчдын боловсролын чанар зэрэг асуудал байдаг. Гэтэл өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хувийн сургуулиудад хөрөнгө оруулалт хийвэл юм бол татварын хөнгөлөлт үзүүлнэ гэдэг бодлого орж ирж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Татвараа аваад 30, 40-үүлээ шахцалдаад сууж байгаа анги танхим, гурван ээлжээр хичээллэж байгаа улсын сургуулийг сайжруулахад зориул л даа. Яагаад хувийн сургууль, цэцэрлэг рүү хөрөнгө оруулахыг дэмжээд байгаа юм бэ. Нийгмийн тэгш байдлаа хангая гэвэл боловсролын салбараас эхлэх ёстой.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт өөрчлөлт оруулахад төсөвт ямар нөлөө үзүүлж байгаа вэ. Орлого яаж буурах юм. Эсвэл ихэсгэ гээд байгаа юм уу.
Бид сая хууль тогтоомжийн хуулийг батлахдаа төсөв дагуулж янз бүрийн хууль оруулж ирэхээ больё, зөвхөн төсвийн урсгал зардал, орлогод нөлөө үзүүлэх хуулиудаа оруулж ирье гэж байгаа шүү дээ” гэв.
Асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. Тэрбээр, “Энэ хууль өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш хэрэгжиж байгаа. Хэрвээ таны хэлээд байгаа өнцгөөс яривал спорт, соёл, бусад нийгмийн салбар дандаа л хувийнх шүү дээ. Сургууль цэцэрлэгийн урсгал зардал нь төсөвт хэдэн арав дахин ачаалалтай байдаг. Хувийн сектор өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд, урсгал зардлаа аваад явна гэвэл болж байгаа. Хийчхээд төрд шахчих юм бол төр аваад цааш нь урсгал зардлыг нь хариуцаад явна гэвэл ямар ч нэмэр болохгүй. Өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд, урсгал зардлаа хариуцаад бизнесийн зарчмаа баримтлаад явах хэрэгтэй" гэлээ.