Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогттой ярилцлаа.
–Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёрыг буруутгаж байгаа Дубайн төлөвлөгөөн дээр нэг асуулт байна. Тэр төлөвлөгөөнд гарын үсэг зурах үүргийг Ерөнхий сайд өгсөн, УИХ хоёр ч тогтоол гаргасан учраас Ерөнхий сайд захирамж гаргасан гэсэн үнэн л бий гэж ойлгож байгаа. Би зөв ойлгож байна уу?
-Зөв зөв. УИХ хоёр тогтоол гаргаж Ерөнхий сайдад үүрэг болгосон. Эхлээд Н.Алтанхуягт, дараа нь Ч.Сайханбилэгт. Тэр дагуу нь Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээр өрнүүлсэн. Ажлын хэсэг хэлэлцээрийн явцад боловсруулсан төслөө Засгийн газарт танилцуулсан. Тэгж танилцуулсны дагуу Засгийн газар захирамж гаргасан юм.
Тэр захирамжаар төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг тухайн үеийн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдод олгосон.
Ерөнхий сайдын өгсөн үургийг төрийн өмчит компанийн захирлууд заавал биелүүлэх хуультай. Тэд Ерөнхий сайдын үүрэг даалгаврын дагуу ажлын хэсэгт орсон, хэлцэл хийсэн, хэлцлээ Засгийн газарт танилцуулсан. Дараа нь Ерөнхий сайд захирамж гаргаад тэрний дагуу гарын үсэг зурсан. Ийм л энгийн үйл явц өрнөсөн.
-Ерөнхий сайдын гаргасан захирамжийг хүчингүй болгосон гээд байгаа нь ямар учиртай юм бол?
-Огт хамаагүй тайлбар, шалтгаан. Тэр захирамж тухайн үедээ хүчин төгөлдөр байсан, хүчин төгөлдөр захирамжийн дагуу Б.Бямбасайхан, Да.Ганболд гэдэг хоёр хүн өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлсэн. Энд анхаарал татахаар нэг өнцөг бий. Дубайн төлөвлөгөөг батлах үед хамтарсан Засгийн газар ажиллаж байсныг та мэднэ. Дараа нь МАН дангаараа ялаад гараад ирэнгүүтээ өрсөлдөгч намынхнаа буруутгаад эхэлсэн. Зүй нь хамтарч гаргасан шийдвэр байхад ингэж болохгүй л дээ.
-Өөрсдийнх нь хамтарсан Засгийн газрын шийдвэр байхад АН-ын лидер улстөрчдийг харлуулах зорилгоор л мушгиж дайраад байна гэж үү?
-Яг тэгж л харагдаад байна. УИХ-д нэр дэвшиж байгаа хүнийг СЕХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр цагдаа, шүүх, прокуророос ямар нэгэн арга хэмжээ авахыг хуулиар хориглочихсон. Сонгуулийн хуулийн 35.2-т “СЕХ-ноос зөвшөөрөл авахгүйгээр хариуцлагад татахыг хориглоно” гэсэн тов тодорхой заалт бий. Хариуцлагад татах гэдгийн тухайд Дээд шүүхийн тайлбар бий. 2010 оны тогтоол байгаа. Шүүх хурал хийх, шүүх хурлаар хэлэлцэх, тэр дундаа цагдан хорихыг хориглоно гэсэн тайлбар байдаг юм. Энэ тайлбар өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
-Тэгэхээр нэр дэвшигчдийг хорих шийдвэр гаргасан нь шүүхийн хувьд илт хууль зөрчсөн үйлдэл болжээ дээ…?
-Тэгсэн. Хууль зөрчөөд шүүх хурал хийчихэж байгаа юм. Ингээд ч зогсоогүй, шүүх хурал хийхдээ сонгуулийн сурталчилгааны 21 хоногийн дотор гурван удаа хурал зарласан.
-С.Баярыг нэхсэн барьцаа хөрөнгийг нь байршуулсан гэх шалтгаанаар хорих шийдвэр гаргасангүй. Б.Бямбасайханыг бас барьцаа байршуулсан гэж сонссон. Яагаад нэгийг нь хориод, нөгөөг нь зүгээр явуулчихав?
-Б.Бямбасайхан барьцаа гэж хоёр сая төгрөг тавьсан. Б.Бямбасайханаас хоёр тэрбум төгрөгийн барьцаа нэхсэнийг та мэдэж байгаа. С.Баяр таван тэрбумын барьцаа нэхэнгүүт нь 520 сая төгрөг тавьсан. С.Баярыг их мөнгө тавьсан гэв үү, нэр дэвшигч биш гэж тооцов уу, эсвэл МАН-ын том дарга гэж харав уу барьцааных нь таван тэрбум төгрөгийг 500 сая болгоод бууруулчихсан. Гэтэл Б.Бямбасайханыг хэт багыг тавьсан гэж үзэв үү шууд хорьчихсон. С.Баяр, Б.Бямбасайханы хувьд хууль талаас нь харвал хоёулаа л бололцоогоороо барьцаа тавьсан. Энэ тохиолдолд хоёуланд нь тэгш хандах ёстой. Гэтэл тэс өөр хандпага гаргачихлаа. Өөрийнхөө намын С.Баярт өр зөөлөн хандаад, АН-ын гурван нср дэвшигч дээр хатуурхаад хорьчихлоо.
-УИХ-д нэр дэвшигчдээс хоёр, тав, арван тэрбум гэсэн том дүнтэй барьцаа шаардсан. Хууль талаасаа ингэх үндэслэл бий юү?
-Б.Бямбасайханы тухайд гээд ярихад л албан тушаалын гэмт хэрэг гэж буруутгаад байгаа 263.2 гэдэг нь торгох ялтай. Торгох ялын дээд хэмжээ нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үржүүлэхээр 38 сая төгрөг. Хуулиа дагавал 38 сая төгрөгөөс илүү барьцаа нэхэх ёсгүй гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл Б.Бямбасайхан гэдэг хүн хариуцлагаас мултраад зугтчих вий гэж сэрэмжлээд барьцаа тавьж байгаа асуудал шүү дээ. Ингээд харахаар хоёр тэрбум төгрөгийн барьцаа тавьдаг нь буруу:
-АН-ын хүчтэй өрсөлдөгчдийг барьж хорьсон нь МАН-ын, эрх баригчдын хийж байгаа үйлдэл, илт улстөржчихлөө гэсэн шүүмжлэл хэвлэл мэдээлэл, сошиал орчинд өрнөөд байна л даа…?
-Ерөөсөө л тийм юм болчихлоо. Эсвэл том авлигач нь их мөнгө тавьбал суллаж, үнэнээрээ зүтгэсэн нь хоригдох ёстой юм уу? Сүүлдээ бүр аргаа барагдахаар ийм зүйл хүртэл бодож сууна.
-Ер нь шүүхээс өмнөх хорь, гучин жилд тэрбумаар нь барьцаа нэхсэн шийд гаргаж байсан уу?
-Тэрбумаар нэхсэн түүх байхгүй. Гэхдээ та нэг зүйлийг ажиглаарай. Яг сонгуулийн үеэр нэр дэвшигчдэд тавьсан барьцааны тоо нь их хачирхалтай. Таван тэрбум, арван тэрбум гэсэн тоонууд давхцаад байгаа. Үнийн дүн нь өндрөөс гадна үнийн дүнгийн хэмжээ нь ойролцоо байгаа биз. Ингээд харахаар нэг хүн юм уу нэг байгууллагаас удирдаад байх шиг санагдах юм. Тэс өөр хоёр хэрэг, тэс өөр хоёр хүнээс нэг ижил мөнгөн дүнтэй барьцаа нэхэж байна.
-Сэжиглэж хардахаар өнцөг ч мөн л дөө…?
-Харин тийм. Барьцаа хөрөнгийн хэмжээг гэмт хэргийн шинж, тухайн хүний нөхцөл байдал, бололцоогоор тогтооно гэсэн хуультай. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ байна. Ялаас нь өчнөөн дахин илүү барьцаа нэхэж, дутуу төлсөн заримыг нь хорихгүй гаргаж, заримыг нь хорьж байх жишээний. Энэ л хамгийн ноцтой асуудал.
-Одоо өмгөөлөгчийн хувьд ямар асуудлыг онцолж хэлмээр байна?
-Үүн дээр хоёр л асуудал бий. Нэгдүгээрт, нэр дэвшиж байгаа хүн сонгогдох эрхээ эдлэх ёстой. Нэр дэвшигчийн сонгуулийн тойрогт байгаа сонгогчид сонгох эрхээ бүрэн эдпэх ёстой. Нэрдэвшигчдийн сурталчилгааны зураг дээр хүртэл ижил хэмжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг биз дээ. Гэтэл нэг нь шоронд, нөгөө нь наранд байхаар нэр дэвшигчийн ижил тэнцүү байх гэсэн зарчим, эрх утгаа алдах нь тодорхой. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдээр нөгөө нэр дэвшигч нь хоригдсоныгоо “Хэрэг хийсэн учраас хоригдлоо” гэж тайлбарлаж яриад эхэллээ. Нэг талаас нэр дэвшигчийн эрх ингэж зөрчигдөж байна. Нөгөө талаас сонгогчдын мэдэх, сонгох эрхэнд ч ийм маягаар бүдүүлгээр халдаж байна. Сонгогчид бүх талын нэр дэвшигчдийн үгийг сонсч байж эрхээ жинхэнэ утгаар нь эдэлнэ шүү дээ.
-Зургаан нэр дэвшигчийг хорьсноор Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, Хан-Уул дүүргийн хэдэн зуун мянган сонгогчдын эрхэнд халдсан хэрэг болчихлоо л доо?
-Тэглээ.
-Шүүх Сонгуулийн хуулийг хэрэглэхгүй, дагахгүй гэчихэв үү?
-Тэгсэн. Энэ дээр би нэг өнцөг хэлмээр байна.Шүүх Сонгуулийн хуулийг хэрэглэхгүй, харгалзаж үзэхгүй, дагахгүй юм бол сонгуулийн сурталчилгаа дууссан хойно сурталчилгаа явуулсан нэр дэвшигчдийн хэрэг шүүхэд хамаагүй болж таарах гээд байна л даа. Сонгуулийн хуулийг ингэж зөрчсөн нэр дэвшигчдийн хэргийг шүүх тоохгүй, хэлэлцэхгүй гэж ойлгож болохоор байгаа биз.
-Тийм байна.
-Ингээд харахаар өнөөдөр шүүх хэнийг сонгуулмаар байна, тэр хүнээ сонгуулах юм байна. Хэнийг сонгуулмааргүй байна, тэр хүндээ хэрэг тохоод шийтгээд явах нь. Сонгуулахаар шийдсэн хүнийхээ зөрчлийг зөрчилд тооцохгүй юм байна. Надад ингэж л ойлгогдож байна. Бүх зүйл шүүхийн гарт ороод байна.
-Шүүгчид эрх баригч нам, эсвэл аль нэг бүлэглэлийн гарт орчихоод удирдуулаад байгаа юм биш үү?
-Тийм байх өндөр магадлалтай. Эсвэл шүүх, прокурорынхон тийм том толгойтой, тийм баян болчихсон юм уу? Шүүгчид тийм их мөнгө, хадгаламжтай, хэдэн арван тэрбумтай учраас хоёр, гурван тэрбумыг юу ч биш гэж бодоод байна уу? Эсвэл таны хэлснээр аль нэг нам, бүлэглэл далдаас удирдаад өрсөлдөгчөө намнуулаад байна уу? Барьцааг нь өгч чадахгүй мөнгөн дүнгээр тогтоо, тэгээд хорь гээд байна уу? Тэдэнтэй холбоотой нь багахан мөнгө байршуулаад суллагдчихдаг, холбоо сүлбээгүй нь хоригдоод байна уу? Энэ асуултуудад сонгуулиас өмнө хариулах ёстой. Өмгөөлөгчийн нүдээр харахад шүүхийн байгууллага дэндүү хараат болчихлоо. Шүүгчдийг балбаж асуудалд оруулчихаад шахаж дарамталж байгаад ийм юм хийлгээд байна уу, эсвэл шагнал урамшуулал, эрх мэдэл амлаад байна уу? Ямартай ч шүүгчдийг гар хөлийн үзүүрээ болгоод байна. Эрх баригчид юм уу аль нэг бүлэглэл шүүгч, прокуророор дамжуулаад бүгдийг удирддаг, сонгуулийг хүртэл удирддаг,4 хэний хөрөнгийг хураагаад хэнд өгөхийг шийддэг болчих юм бол би өмгөөлөгчөөр ажиллаж, шударга ёс яриад ямар ч нэмэргүй болчихож байгаа юм.
-Нээрээ л өмгөөлөгчөөр ажиллахын утга алга болчих юм байна. Одоо тэгээд танд өмгөөлөгчийн хувьд ямар гарц байна вэ?
-Яг энэ янзаараа бол гарц шийдэл ярихад хэцүү болчихлоо. Ингэж бүлэглэл, эрх мэдлээрээ түрий барьж хуулийг гууль болгож байхаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хаант засаглалтай гэдгээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Ардчилсан, олон ургальч үзэл, хүний эрхийг дээдлэх гэдэг маань хоосон үг болчихлоо.
-Сонгуулийн ерөнхий хороо таг дуугүй суугаад сэтгүүлчид бол нэлээд шүүмжлэлтэй хандаж байна…?
-СЕХ хоёр зүйлийг маш тууштай хийх ёстой. Эхлээд өөрсдөөс нь зөвшөөрөл авсан эсэх дээр тодорхой хариу өгмөөр байна. Хоёрдугаарт, гадуур нэгэнт тарчихаад байгаа “Хоригдсон хүмүүс нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасагдсан” гэх ам дамжсан цуу ярианд хариулт өгөх ёстой. Гэтэл СЕХ сая хэлсэн хоёр асуудал дээр албан ёсны байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийхгүй байна. Нэр дэвшигчдийг олноор нь барьж хориод байгааг СЕХ цаагуураа дэмжээд байгаа юм уу гэж хардахаар нөхцөл үүсчихлээ. Хийх ёстой юмаа хийхгүй, эс үйлдлээрээ дэмжээд байвал хуульд тэрийг нь хамтрагч, хамжигч гэж үздэг юм.
-СЕХ илт хууль зөрчсөн үйлдлийг цаагуураа дэмжээд, хамтраад яваа гэсэн хардлага танд байгаа гэсэн үг үү?
-Яг тийм.
–Таны хувьд өмгөөлөгчийн зүгээс ямар алхам хийе гэж бодож байна?
-Хуулийн дагуу надад хүсэлт, гомдол гаргах эрх бий. Тэр эрхийнхээ дагуу шүүгчид нь хууль зөрчиж байгаа талаар нь тайлбар хүсэлтээ бичээд өгсөн. Бараг л тоохгүй болов уу. Ерөнхий шүүгчид аль ч асуудлаар аль ч шатанд гомдол гаргах ерөнхий хууль бий. Тэр дагуу Ерөнхий шүүгчид нь гомдол гаргаж байна. Бас л татгалзах байх. Шүүгч ийм байж болохгүй гээд Сахилгын хороонд нь, Ес зүйн хороонд нь өгсөн. Найдлага маш бага байна. Эрүүгийн хуульд шүүгч эрх мэдлээ урвуулан ашиглавал хариуцлага хүлээх заалт бий. Энэ заалтын дагуу гомдол гаргана. Шүүх хурлынхаа үеэр нэлээд дорвитой дуугарна. Хамгийн сүүлийн арга нь хий хашгирах л байх даа.
-Хий хашгирах аа?
-Камерын өмнө үг хэлэхээ хэлээд байна л даа. Би нэг зүйлийг онцгойлж хэлмээр байна. Хоригдсон нэр дэвшигчдийн өмгөөлөгч, ар гэрийнхний ярилцлагыг Еад1е, Т\/25, Т\/9 гэх мэт цөөхөн телевиз, “Өдрийн сонин" гэх мэт цөөн хэвлэлээр л гаргаж байна. Хэвлэлийн эрх чөлөөнд хүртэл халдах гээд байна уу даа гэсэн эмзэглэл төрсөн шүү.
Ц.БААСАНСҮРЭН
Өдрийн сонин