Их дэлгүүрт гарсан галын үеэр 200 сая төгрөгийн үнэт эдлэл алдагджээ

Их дэлгүүрт гарсан галын үеэр 200 сая төгрөгийн үнэт эдлэл алдагджээ

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 7-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах Улсын Их дэлгүүрт гал гарсан билээ. Дэлгүүрийн өргөтгөлийн давхарт хар цаас нааж байсан иргэн аюулгүйн журам зөрчсөний улмаас гал алдсан нь тогтоогдсон. Улмаар дээрх иргэнд торгуулийн арга хэмжээ авахаар болоод байгаа юм.

Галын улмаас зургаадугаар давхар бүхэлдээ шатсан бөгөөд энэ давхарт ном болон үнэт эдлэл, алт мөнгө, эртний эдлэлийн тасгууд байрладаг. Тэгвэл галын үеэр зургаадугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг байсан тасгуудаас 200 зуун сая орчим төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүд алдагдсан байна.

Тодруулбал, тус бүр нь гурван сая төгрөгийн үнэтэй 30 орчим мөнгөн аяга, 32 сая төгрөгийн үнэ бүхий алтан аяга, бүсний мөнгөн арал гэх мэт үнэт эдлэлүүд алга болжээ. Албаныхан алт, мөнгөн эдлэлүүд нь галд шатаж устах боломжгүй гэж үзэж байгаа ба галын үеэр хулгайд алдагдсан байж болзошгүй гэж харж байгаа аж. Хэргийн газарт ажиллаж байгаа мөрдөгчид галын үнс нурмыг түрээслэгч нартай хамтран шигшиж хайсан боловч дээрх эд зүйлс олдоогүй байна. Тиймээс түрээслэгч нар цагдаагийн байгууллагад алдагдсан эд зүйлсийг олж өгөхийг хүсэж, гомдол гаргаад байгаа аж.

Ослын газарт нийслэлийн онцгой байдлын найман ангийн 230 алба хаагч ажилласан бөгөөд гал унтарсны дараа цагдаагийн алба хаагчид, шинжээчид хэргийн газарт нэвтэрсэн байдаг. Улмаар гал гарснаас 24 цагийн дараа хяналтын камерууд суурилуулсан ажээ. Гэтэл уг хяналтын камерт эд зүйл алдагдсан бичлэг байгаагүй байна. Тиймээс камер суурилуулахаас өмнө үнэт эдлэлүүд алдагдсан гэж үзэж байгаа аж.