Хамарын хийдийн Шамбалын мэлмийг иргэд сэргээн засварлажээ

Хамарын хийдийн Шамбалын мэлмийг иргэд сэргээн засварлажээ

Говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа XIX зууны 1850-аад оны үед Хамарын хийдийн хойно орших хүрмэн чулуун хадны дундах талбайд Шамбалын орны тэгийг бүтээж овоо босгон өөрийн шавь нартайгаа Шамбалын оронд уулзах билэг ерөөл тавьсан түүхтэй.

Шамбалын орны тухай бурханы шашны гүн ухаан сургаал байдаг аж. Энэ нь хүмүүн бид гэгээрч, төгс төгөлдөржин, оюунаараа хүрч болох ариун дагшин орон юм. Энэ оронд хүрсэн хүний сэтгэл нь туйлын амгаланг олдог бөгөөд үл мэдэх цэнгэл жаргаланг эдэлнэ. Энд  оюуны төгс хөгжлөөр хүрч болох эсвэл ихэс дээдсийн тавьсан ерөөлөөр хүрч болох оюуны орныг  Шамбал гэх ажгуу. 

Хүн төрөлхтөн гэгээрэн ариусч бурхны хутгийг олоход өөрийн сүсэг хийгээд хичээл зүтгэл туйлын чухал боловч цагийг эзэлсэн ихэс дээдсийн ерөөлөөр хүрэх бүтээлийн төв 108  суврагыг энд бүтээж, сүсэгтэн  мөргөлч олны очих дуртай газрын нэгэн энергийн төв бий болгосон гэдэг.

Тэгвэл Дорноговь аймгийн "Саран хөхөө" театрын зураач Д.Ганпүрэв, тайзны эрхлэгч У.Алтанаргамж, хувцасны эрхлэгч Д.Түвшинбаяр нарын гэр бүл Шамбалын мэлмийн нурж эвдэрсэн хэсгийг засч янзлажээ.

Коронавирустэй холбоотойгоор энэ жил Хамарын хийдэд жуулчид авахгүй байгаа билээ.