3,2 тэрбумын усан оргилуур өнөөдөр нээлтээ хийнэ

3,2 тэрбумын усан оргилуур өнөөдөр нээлтээ хийнэ

Одоогоос гурван  жилийн өмнө Сүхбаатарын талбайн урд хэсэгт 200 авто машины багтаамжтай авто зогсоол нээлтээ хийж байсан. Уг зогсоол нь анх иргэдэд үнэгүй үйлчилнэ гэж байсан ч яваандаа тус газар нь нийтийн эзэмшлийн талбай бус хувийн өмч болж таарсан учраас Нийслэлийн засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус авто зогсоолыг эзэмшдэг “Ю Би констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Улмаар дээрх газрыг  чөлөөлсний дараа тохижилт үйлчилгээг нийслэл өөрийн хөрөнгөөр тохижуулж, амарч зугаалахад тохиромжтой усан оргилуур барина  гэдгээ хотын дарга  мэдэгдэж байв. Тэрхүү усан оргилуур нь иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулж, хэл ам, шүүмжлэл багагүй дагуулсан Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах  Хонхтой цэцэрлэгт хүрээлэн юм.

Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сарын 20-нд захирамж гарган, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-нээс барилгын ажил нь эхэлсэн энэхүү усан оргилуур өнөөдөр /2020.06.19/ нээлтээ хийх гэж байна. Уг нь Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэж байсан ч  ашиглалтад оруулахаас өмнө урьдчилж хэд, хэдэн удаа шалгаж, турших, нөгөө талаар олон хүн бөөгнөрүүлэхгүй, сонгуулийн санал хураалтын өмнө хэл ам татахгүй байх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хүлээлгэн өгөх учраас нээлт хийх хугацааг хойшлуулжээ.