Д.Оюунтуяа: 53 жилийн өмнө сураггүй алга болсон дүүгээ одоо хүртэл хайсаар байна

Д.Оюунтуяа: 53 жилийн өмнө сураггүй алга болсон дүүгээ одоо хүртэл хайсаар байна

Одоогоос 53 жилийн өмнө буюу 1967 оны зун, Улаанбаатар хотын ойролцоох урд хэсэгт байрлалтай хуучнаар Хүрхрээгийн лагерьт гэрийнхээ үүдэнд  тоглож байсан 8 настай  Далайн Цэвээнжав, 2 настай Дэнсээхүүгийн Оюунчимэг нар сураггүй алга болжээ. Тухайн үед улсын хэмжээгээр эрэн сурвалжилсан боловч ямар ч сураг гаргаж чадаагүй байна. Айлын дөрөв дэх хүүхэд Д.Цэвээнжавын гэрийнхэн өнөөг хүртэл түүнийг эсэн мэнд байгаа гэж бодох бөгөөд уулзах хүсэл тээсээр явах аж. Бид 53 жилийн өмнө сураггүй алга болсон охины эгч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-ААВ МИНЬ ДОЛОО ХОНОГ УУЛ САМНАЖ ХАЙСАН ГЭДЭГ-

-Тэр үед чухам ямар хэрэг тохиолдсон юм бэ?

-Миний төрсөн дүү 1958 онд төрсөн Далайн Цэвээнжавыг аавын ахынх нь эхнэр амаржаад удаагүй байсан учраас хань болгох гэж авж явсан байдаг. Бэргэн эгчийн хэлснээр бол хүүхдээ хуурайлахаар дотогш орохдоо “та хоёр үүдэндээ тоглож бай” гэж хэлчхээд л удалгүй гараад ирэхэд алга болчихсон байсан гэдэг. Өдөр 11 цагийн үед болсон хэрэг. Тухайн үед чинь одоогийнх шиг лагерьт холбоо барих утас байхгүй учраас нялх хүүхэдтэй бүсгүй яаж ч чадахгүй байсаар орой зургаан цагийн үед сэргийлэхэд мэдэгдсэн юм билээ.

-Эрэн хайх ажиллагааг хэр удаан зохион байгуулсан бэ. Орон даяар хайсан уу?

-Налайхын хоёр гурван цэргийн анги онгоц, машинтай Богд уулыг долоо хоног самнаад юу ч олоогүй. Улс даяар эрэн сурвалжилж, 18 аймагт зургийг нь тараагаад ч сураг гаргаагүй. Тэр үед энд тэндээс “хүүхдийн цогцос олдлоо, энд ийм хүүхэд байна" гэсэн хэл ирдэг л байсан юм билээ. Тэр болгонд аав, ээж хоёр минь уйгагүй явж үздэг байсан. Тэгээд л цогцос нь ч олдоогүй.

-Лагерьт байсан хүмүүс хараагүй гэж үү?

-Хүмүүсээс асуухад хэн ч хараагүй байсан. Тэр жил сонгууль, их үер болоод л усанд унаад үхчихсэн гэнэ гээд л их л сенсаци болж байсан хэрэг.

-Тухайн үед хүүхэд алга болох хэрэг хэр их гардаг байсан юм бол?

-Энд тэнд хүүхэд олдлоо, хүүхдийн цогцос олдлоо гээд л сураг сонсох бүрт аав минь чадлынхаа хэрээр явдаг байсан даа. Тэр үед долоо хоног уул самнаж, Баян-Өлгийд хүүхэд олдоо гэхэд хүртэл явж байсан.

-Цагдаа дээр хэрэг үүссэн байх. Хэр удаан хэргийг хаалгүй хайсан бэ?

-Бараг арав гаруй жил болсон байх. Сүүлдээ эрэл мухардаж цагдаа нар алга болсон нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. Сүүлдээ ийм хэрэг зөндөө байдаг юм. Манайх дээр бүртгэлтэй байдаг гэж хэлсэн. Их удахаар хүн чинь цөхөрдөг юм билээ. Хүний эцэг эх чинь цөхөрнө байхгүй харсаар байгаад л гол нь тасарчхаж байгаа юм чинь. Аав минь таван жилийн өмнө өөд болсон. Эрэгтэй хүн болохоор дотроо их л буглаж явсан байх даа гээд өрөвддөг юм.

-ХҮҮХЭДГҮЙ ХҮН АВААД ЯВЧИХСАН Л ГЭЖ БОДДОГ-

-Цагдаа нар хэргийг шалгах явцад ямар нэг сэжүүр гарсан уу?

-Ёстой ямар ч сэжүүр гараагүй нь л сонирхолтой. Үздэг хардаг хүнд үзүүлэхээр үхсэн гэж огт хэлдэггүй. Тэгэхээр чинь хүний гомдол тасардаггүй юм байна. Хэдий олон жил болсон ч гэсэн яасан бол гэж бодох юм.

-Та дүүгээ одоо амьд байгаа гэж боддог уу. Юу болсон гэж таамаглаж байна вэ?

-Миний бодлоор үр хүүхэдгүй хүн хол аваад явчихсан байх. Гэхдээ яагаад ч юм би тэр хоёр дүүгээ хамт байгаа гэж огт боддоггүй. Найман настай хүүхэд чинь ядаж гэр орноо мэднэ, аав ээжийгээ мэднэ. Тийм байхад ирээгүй гэж бодохоор хүн л аваад явчихсан байх. Хоёр настай хүүхэд бол юу мэдэх вэ.

Энэхүү зураг дээр алга болсон Цэвээнжав охин зүүн гар талаас 4 -т зогсож байгаа нь /Эгч Цэрэндулам, Нина, Оюунтуяа болон дүү Чулуунбаатарын хамт/

-ЭЭЖИЙГЭЭ АМЬД ДЭЭР НЬ УУЛЗУУЛЧИХ ЮМСАН Л
ГЭЖ БОДОЖ БАЙНА-

-Дүү нь зан ааш нь ямар хүүхэд байсан бэ. Бага насны дурсамжаа хуваалцаач?

-Уг нь их сэргэлэн цовоо л хүүхэд байсан. Би ч өөрөө жаахан хүүхэд байсан болохоор хамтдаа тоглоод л явдаг байснаа санадаг.

-Дүү нь олдоод ороод ирвэл хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байна вэ?

-Олдвол сайхан л байна. Миний ганц бодож явсан зүйл бол ээж аавыг амьд сэрүүнд нэг ороод ирээсэй л гэсэндээ өдийг  хүртэл хайж яваа. Яах вэ аав минь өнгөрчихсөн ч одоо ядаж ээжтэйгээ уулзуулж голыг нь зогоох юмсан гэж боддог. Өөрөө ч бас уулзаад ядаж үр хүүхэд нь байдаг бол уулзахсан. Энэ хэргийг ер нт голдуу би л хөөцөлдөж явдаг юм. Хэзээ нэг өдөр хүрээд ирвэл гээд бичиг баримт, цагдаагийн тодорхойлолтыг нь хадгалдаг. Тухайн үед “Сэрүүлэг” сонинд бас ярилцлага өгч л байсан. Хүмүүс холбогдоод олсон уу гээд л асуудаг болохоос сураг ажиг гараагүй юм даа.

-Ээж нь одоо охиныхоо талаар дурсдаг уу?

-Ээж минь тэнэж явж байгаад ороод ирэх байлгүй дээ гэдэг байсан. Сүүлдээ энэ олон жил боллоо үхчихсэн юм байгаа биз дээ л гэдэг болсон. Гэхдээ одоо ч “Охин минь ороод ирж магадгүй” гэж бодоод Дэнжийн мянгад байдаг хашаа байшиндаа очих гээд байгаа юм шиг санагддаг.

Энэ зургийн зүүн талаас хамгийн эхэнд сууж буй охин нь Цэвээнжав

Үүнийг уншиж буй хүн бүр энэ зураг дээрх охиныг мэдэх бол холбоо барьж туслаарай л гэж түүний гэр бүлийн зүгээс хичээнгүйлэн гуйж байна. Одоо энэ алга болсон эмэгтэй 60 нас гарсан байх. Хэрэвзээ түүний үр хүүхэд ч юм уу энэ мэдээг уншвал бидэнтэй холбоо тогтоогоорой гэж хүсч байна.

Цэвээнжавын бага насны зураг