Зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ

2020.06.16-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 227 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 173  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтсэн. Эдгээрийн 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.06.16-ны өдрийн 10 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн зам, Сонсголонгийн гудамжинд Toyota Prius маркийн Э жолоочтой автомашин явган зорчигч 67 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон
  • 2020.06.16-ны өглөөний 05 цаг 00 минутын орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Toyota Corolla маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч 63 настай, эмэгтэй М-гийн амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 4 иргэнийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 2 зөрчил бүртгэгдсэн байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 392 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээр тогтоосон 20 км/цаг хурдыг хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.