Боловсролын байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн шаардлагыг зөрчсөн 3657 зөрчил, дутагдал илэрчээ

Боловсролын байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн шаардлагыг зөрчсөн 3657 зөрчил, дутагдал илэрчээ

Онцгой байдлын байгууллагаас боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалт хийжээ. Улсын хэмжээнд 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу нийт 726 барилга байгууламжийг шалгасан байна.

Шалгалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 3657 зөрчил, дутагдал илрүүлжээ.

Шалгалтын явцад газар дээр нь 1056 зөрчлийг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Шалгалтаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй, тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөөгүй, зураг төсөлд галын аюулгүйн магадлал хийгээгүй авралтын зам гарцыг хаасан, галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант,  хоолой, хошуу, гайк/-ийг байрлуулан бэлэн байдлыг хангаагүй, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг байрлуулаагүй байна.

Эдгээр зөрчлийг холбогдох хууль тогтоомж, хяналтын байцаагчийн гаргасан эрх зүйн баримт бичгийн хүрээнд бүрэн арилгуулахаар гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2020 оны 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 5-нд зохион байгуулах аж.