Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл юм.
Уг төсөл нь өнгөрсөн сард эхэлж хамгийн эхэнд авто зогсоол барьсан нь олон нийтээс нэлээд шүүмжлэлийг хүлээсэн билээ. Музейн хоёр талыг автомашин зорчдоггүй болгож худалдаа үйлчилгээний зориулалттай гудамж болгон хөгжүүлнэ гэж Нийслэлээс мэдэгдсэн боловч энэ удаагийн тохижилтын ажилд тэр нь багтаагүй аж.
Бид тохижилтын ажлын талаар гүйцэтгэгч "Сүлдэт Эмпайр" компанийн менежер С.Энхбаяраас тодруулахад “Гэрээнд заасан хугацаа нь долдугаар сарын 1-нд дуусахаар байгаа боловч бид хугацаанаасаа өмнө гүйцэтгэлээ хийж зургадугаар сарын 15-нд дуусах төлөвтэй байна. Нийт гурван гүйцэтгэгч компани ажиллаж байгаа.
MCS компани нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилтын зардлыг гаргаж байна. Ногоон байгууламж, бүрэн автомат усжуулалтын систем, явган хүний чулуун зам, автkмашины зогсоол бүхий 7000мкв орчим талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Мөн түүхийн дурсгалт өв гэж явдаг хөх тоосгоор жижиг хана босгож бичил цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж байгаа. Авто зогсоолын хувьд анхнаасаа төлөвлөгдсөн, аялал жуулчлалын бүсэд зайлшгүй хэрэгцээтэй учраас хийгдсэн. Одоо ерөнхийдөө сул шороонууд дээр зүлэгжүүлэлт хийгээд тохижилтын ажил дуусах дөхөж байна. 80 хувь гүйцэтгэлтэй байна” гэв.