С.Мөнхбат: Маск тараасны дараа Япончууд талархсан сэтгэгдлээ твиттерээр илэрхийлсэн

С.Мөнхбат: Маск тараасны дараа Япончууд талархсан сэтгэгдлээ твиттерээр илэрхийлсэн

Япон улсад ажиллаж амьдарч буй монголчууд өөрсдийн гараар 1500 ширхэг даавуун маск оёж, метроны буудал дээр тараасан билээ. Амны хаалт нэн ховор үед сайн үйлсийн аян зохион байгуулсан талаарх тэдний минь тухай мэдээлэл цахим орчинд ихээхэн хандалт авч, твиттерт япончууд талархсан сэтгэгдлээ илэрхийлж байсан. Нэг сарын хугацаанд зохион байгуулагдсан Монголоо сурталчлан таниулах үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Амцагаан нэрээрээ олонд танигдсан С.Мөнхбаттай ярилцлаа.

-ИХЭВЧЛЭН МОНГОЛЧУУД ЯПОНООС ТУСЛАМЖ ХАНДИВ ХҮСДЭГ. ХАРИН ЯАГААД
ТУСАЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН-

-Сайн байна уу. Ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулсанд баяр хүргэе. Сайн үйлсийн аян хэдий хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

-Анх дөрөвдүгээр сарын 22-нд санаа төрөөд фейсбүүк дээр групп үүсгэн зар тавьсан. Миний нэг танил оёдолчин эмэгтэй байдаг. Түүнтэй хамтраад энэ аяныг эхлүүлсэн. Нийтдээ 20 гаруй залуу маск оёх ажилд оролцож, мөнгөн хандив өгсөн хүмүүсийг оруулбал сайн үйлсийн аянд 80 орчим хүн оролцсон. Нийтдээ 110 мянган иений хандив ирснээр нь материал авч оёсон. Бас өөр хотуудаас хүмүүс маск оёж аянд маань нэгдсэн.

-Яагаад энэ аяныг санаачлах болсон бэ?

-Ер нь монголчууд дандаа л япончуудаас тусламж, хандив авлаа гэхээс тусаллаа гэх нь ховор байдаг. Яагаад монголчууд хүнд хэцүү цагт япончуудад тусалж болохгүй гэж, эх орныхоо нэрийг ч гэсэн сайнаар сурталчилъя гэж бодсон. Энд 10 мянга гаруй монгол бий тэднийхээ төлөөлөл болж монгол хүний сайхан сэтгэлийг харуулахыг хүссэн.

-Бэлэн болсон маскуудаа хаана тараасан бэ. Хүмүүсийн хандлага ямархуу байв?

-Токио хотын Саппоро дүүрэгт тавдугаар сарын 6-наас эхлээд метроны буудал гэх мэт хүн их явдаг газарт тараасан. Хоёр хоногт л бүх маскаа тарааж дуусгасан. Хүмүүс их баяртай дуртай хүлээж авсан. Учир нь тухайн үед Японд маск ховордсон, хомстол үүсчихсэн байснаас ч тэр үү их өндөр сэтгэгдэлтэй байсан. Талархсан сэтгэгдлээ твиттерт оруулж байсан.

-Аянаа зохион байгуулсны дараа танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Ямар ч байсан нэг зорьсон юмныхаа ард гарчихлаа гэж бодохоор сайхан байсан. Нэгэнт юм санаачлаад хийсэн учраас зохион байгуулахгүй бол болохгүй шүү дээ. Ажлынхаа найман өдрөөс чөлөө аваад хийсэн ажлын минь дүнд анх тавьсан зорилго ч биелсэн. Би ер нь болж өгвөл сайн дурын ажил, аянд нэгдэх сонирхолтой байдаг.

-Таныг өмнө нь сайн дурын ажилд оролцож байхыг харсан. Өөр санаачилж зохион байгуулсан үйл ажиллагаа бий юу?

-Далайн шуурганаар дээвэр нь нурсан айлуудын дээвэр засах сайн дурын хүмүүнлэгийн ажилд оролцож байсан. Хүмүүст ч тусална, Монгол улсын маань нэр ч сайнаар яригдах болно. Бас саяхан коронавирустэй холбоотойгоор хүмүүс хүнд байдалд орж байна гэж сонсоод “Монгол хүнээ харь нутагт гадаа хонуулахгүй аян”-ыг  өрнүүлж хэсэг хүмүүсээс хандив цуглуулах, асуудалтай хүмүүст тусалсан.

-Ер нь Японд монголчуудыг харах өнцөг, үнэлэмж ямар байдаг вэ?

-Цөөн тооны хүмүүс гэмт хэрэгт холбогддог зэргийг эс тооцвол харьцангуй нэр хүнд сайтай байдаг шүү. Заримдаа энд тэнд гарсан хэрэгт монгол хүн холбогдчихсон мэдээгээр гарч байхыг хараад санаа зовж л суудаг даа.

-Ойрын төлөвлөгөөнд тань дахин сайн үйлсийн аян зохион байгуулах бодол бий юу ?

-Япон улс цаг агаараас үүсэх байгалийн гамшиг их тохиолддог, маш эрсдэлтэй бүс нутаг. Би энд арав гаруй жил амьдрахад байсхийгээд л цунами, далайн шуурга, хар салхи болно. Тэдгээрт хүмүүсийн амьдардаг байр байшин сав нурчихдаг учраас сайн дураараа туслах хэрэг гардаг. Тийм зүйлд манай монгол залуучуудыг их оролцоосой гэж хүсдэг. Цаашдаа жил бүр Япон улсад тогтсон хүмүүнлэгийн ажлыг зохиодог болохоор төлөвлөж байгаа.

-ЯПОНЧУУД ХАРИУЦЛАГАТАЙ АРД ТҮМЭН УЧРААС ДЭГЛЭМЭЭ
САЙТАР САХИЖ БАЙГАА-

-Япон улс хөл хориогоо цуцалсан. Нөхцөл байдал хэр өөрчлөгдөж байна вэ?

-Дэлхий нийтээр эдийн засаг хямралтай байгаа шиг энд ч бас нийтийн үйлчилгээний байгууллага хаагдахад нөхцөл байдал хүндэрсэн. Тийм ч учраас иргэдийнхээ амьжиргааг бодоод хориогоо цуцалсан болов уу. Япончууд хариуцлагатай ард түмэн учраас хоорондын зайг баримталж, амны хаалтаа зүүгээд дэглэмээ сайтар сахиж байгаа.

-Монголчуудын дунд ажилгүйдэл их байна. Зарим нь орох оронгүй гудманд хонож байна гэх мэдээлэл байсан. Одоо ямархуу байдалтай байна вэ?

-Тэр мэдээллийг хараад тэр хүнд тусалсан. Одоогоор дахиад тийм хүн байгаа эсэхээр мэдээлэл алга. Ямартай ч сая хөл хорио гээд энд амьдардаг хүмүүс хүртэл ажилгүй болоод байхад түр хугацаанд ирсэн хүмүүс оюутнуудын нөхцөл байдал нэлээд хүнд л байгаа байх. Цаг хугацаа явах тусам орон байр, санхүүгийн бэрхшээлүүд тулгарч байгаа байх.