Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүсэж, салхи ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэхийг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 8-нд говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.