БНСУ-д коронавирусийн халдвар дахин тархсантай холбоотойгоор тус улсын агаарын тээврийн “Korean Air” компани энэ сарын 03-ны өдөр гурван улсад дамжин өнгөрөх буюу транзит нислэгийн хориг тавьжээ.
Тодруулбал, Монгол, Тайланд, ОХУ-ын паспорттой иргэд тус улсаар дамжин өнгөрөх боломжгүй болсон байна.
Тодруулбал, БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол зургадугаар сарын 5-ны 00:00 цагийн байдлаар 39-өөр нэмэгдэж, нийт тохиолдол 11.668-д хүрчээ. Шинээр илэрсэн 39 тохиолдлын нэг нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Иймд гаднаас халдвар зөөвөрлөгдөх магадлалтай гэж үзсэн тул дээрх хоригийг тавьжээ.
Транзит хийх боломжтой тохиолдлууд
- Хөлгийн багийн гишүүд
- БНСУ-ын гадаад харилцааны яам, зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагаас тусгай албан зөвшөөрөл авсан тохиолдол
- Транзит хийх хугацаа заавал 24 цаг дотор байх баталгаажсан тийзтэй байна (Баталгаажсан тийз байхгүй бол транзит хийх боломжгүй)
БНСУ-ын Хууль зүйн яамнаас "Зургадугаар сарын 17-ны төлөвлөсөн транзит зорчигч авчрах тусгай үүргийн нислэг үйлдэгдэх эсэхийг та бүхэн УОК-ын 1800-1105 руу залгаж лавлана уу” гэж мэдээлжээ.
Харин тус авиа компанийн албан ёсны сайт дээр өөрчлөлт орсон нислэгийн хуваарь, маршрутын мэдээлэл дээр ирэх долдугаар сараас эхлэн Инчён-Улаанбаатар чиглэлд өдөр бүр нислэг үйлдэхээр товложээ.