Олон нийтийн цахим сүлжээнд 2026 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй байж болзошгүй охид нэгнийгээ хэл амаар доромжилж, улмаар бие эрх чөлөөнд нь халдсан гэх агуулгатай бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газараас шалгалтын ажиллагаа явуулахад 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 настай, эмэгтэй Ц, 17 настай, эмэгтэй Э нар нь цахимаар танилцсан 17 настай, эмэгтэй О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдан, уг үйлдлээ бичлэг хийсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үргэлжлүүлж буй аж. Хохирогч тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаагүй бөгөөд уг хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж байгааг албаныхан мэдээллээ.