Филиппин улсын Цагаачлалын товчоо тус улсын Замбалес мужид тагнуулын шинжтэй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Монгол Улсын иргэнийг баривчилсан талаар өчигдөр /2026.02.15/ мэдэгдсэн байна.
Тус мэдэгдэлд, "30 настай Болдбаатарын Болд-Эрдэнийг хоёрдугаар сарын 12 /2026.02.12/-нд Замбалес мужийн Иба хотын Барангай Липай Дингин дэх нисэхийн академид баривчилсан байна. Шалгалтын явцад Б.Болд-Эрдэнэ нь цэргийн өргөн хүрээний бэлтгэлтэй, өндөр мэргэшсэн нисгэгч болох нь тогтоогджээ. Тэрбээр Монголын Батлан хамгаалахын их сургууль болон Хятадын Иргэний нисэхийн их сургуулийг төгссөн бөгөөд Ардын чөлөөлөх армийн Агаарын цэргийн нисэхийн их сургуулиас тийрэлтэт сөнөөгч онгоцны нисгэгчийн үнэмлэх авсан, өмнө нь байлдааны туршлагатай цэргийн алба хааж байсан гэж мэдээлжээ.
Харин Филиппин улсын эрх баригчдын мэдээлснээр, Замбалес муж нь Баруун Филиппиний тэнгистэй стратегийн хувьд ойр байрладаг тул уг этгээд тус бүсэд байсан нь анхаарал татсан байна. Тодруулбал, түүний суралцаж байсан Иба дахь сургалтын бааз нь маргаантай далайн бүс болох Скарборо Шоалоос ойролцоогоор 200 орчим км-ын зайд оршдог аж. Энэхүү бүс нутаг нь одоогоор Хятадын хяналтад байдаг ажээ.
Мөрдөн шалгах ажиллагаа Б.Болд-Эрдэнийг ганцаарчилсан нислэгийн дадлагын үеэр зөвшөөрөлгүйгээр тагнуулын шинжтэй мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дараа эрчимжсэн байна.
Хяналтын камерын бичлэг болон хураан авсан төхөөрөмжүүдээс үзэхэд тэрбээр Иба нисэх буудлаас ойролцоогоор 5 км-ын зайд байрлах бүс нутгийн, тухайлбал Иба нисэх онгоцны буудал болон Палауиг голын орчмын агаарын зураг авсан байжээ. Иймд Филиппины аюулгүй байдлын албаныхан Палауиг нь маргаантай бүсэд хамгийн ойр орших Филиппиний хотын захиргаа болохыг онцолж, сэжигтэн оюутан нисгэгчийн статусаа ашиглан сургалтын нислэгийн нэрийн дор хяналт шалгалт, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Харин Филиппиний цагаачлалын товчоо Б.Болд-Эрдэнийг "хүсээгүй гадаадын иргэн" хэмээн тодорхойлж, виз болон тусгай суралцах зөвшөөрлийн нөхцөлийг зөрчсөн, Филиппиний цагаачлалын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгажээ. Мөн тэрээр виз мэдүүлэхдээ өмнөх цэргийн харьяалал, сөнөөгч онгоцны сургалтын талаар мэдээлээгүй нь залилан мэхлэх, худал мэдээлэл өгөх замаар тус улсад нэвтэрсэн байж болзошгүй гэсэн үндэслэл болж байгаа аж.
Ингээд Б.Болд-Эрдэнийг баривчилсны дараа Манила дахь цагаачлалын товчооны төв байранд шилжүүлж, захиргааны бүртгэл, эмнэлгийн үзлэг, биометрийн мэдээлэл боловсруулах ажиллагаа явуулж эхэджээ. Одоогоор түүнийг цагаачлалын товчооны саатуулах байранд хорьж, албадан гаргах ажиллагаа болон гадаадын тагнуулын үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна гэж тус улсын хэвлэл мэдээлжээ.
Тус мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.