МАН бодлогоор нийслэлийн намын даргад Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлэх бол түүний эсрэг Хотын дарга Х.Нямбаатар өрсөлдөнө

МАН бодлогоор нийслэлийн намын даргад Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлэх бол түүний эсрэг Хотын дарга Х.Нямбаатар өрсөлдөнө

Цагаан сарын дараа МАН хаврын улс төрөө эхлүүлж, хаа, хаанаа нэлээдгүй бужигнана. Тодруулбал, МАН Бага хурлаа энэ сарын 27-ны өдөр /2026.02.27/ товлосон.

Хуралдаанаар намын 105 жилийн ойн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх бөгөөд үүнтэй холбоотойгоор МАН-ын дарга Н.Учрал улс төрийн илтгэл тавина. Мөн намын шинэ дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэнтэй холбоотойгоор дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. 

-ИРЭХ САРЫН 27-НЫ БАГА ХУРЛААР БОДЛОГЫН ЗӨВЛӨЛӨӨС ЕРӨНХИЙ САЙДАД ЧИГЛЭЛ ӨГЧ САЙД НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШАХАЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Үүнээс гадна бас нэг албан бус мэдээ байгаа нь хариуцлагагүй ажилласан зарим сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж магадгүй тухай юм. Өнгөрсөн аравдугаар сард МАН-ын Их хурал хуралдаж, дэргэдээ 7 бодлогын хороог байгуулж ажиллуулахаар болсон. Эдгээр бодлогын хорооноос Засгийн газар, холбогдох сайд нарт чиглэл өгөх бөгөөд энэ хүрээнд зарим сайд нарт хариуцлага тооцох чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатарт өгч магадгүй байна.

Хаврын чуулганы өмнө зарим сайд нарт хариуцлага тооцох тухай мэдээлэл эртнээс яригдаж буй бөгөөд энэ талаарх өмнөх бичвэрийг ЭНД дарж уншина уу. Энэхүү Бага хурлыг залгуулан нийслэлийн МАН хуралдаж даргаа тодруулна. Нийслэлийн нам бол МАН-ын 50 хувь, том хүч, их улс төр. Тиймээс үеийн үед нийслэлийн намын даргын төлөө ширүүн өрсөлдөөн болж ирсэн.

Энэ удаад ч тэр уур амьсгал, үйл явдал давтагдах нь ойрын өдрүүдийн улс төрөөс тодорхой харагдаж байна. Өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнийг Засгийн газраас, намар Д.Амарбаясгаланг УИХ-ын тэргүүнээс зайлуулсан шиг том бодлого нийслэлийн нам дээр явна.

-ӨНГӨРСӨН ХАВАР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ, НАМАР Д.АМАРБАЯСГАЛАНГ ЯВУУЛСАН ШИГ БОДЛОГО Х.НЯМБААТАР ДЭЭР ХЭРЭГЖИНЭ-

Тодруулбал, МАН бодлогоороо нийслэлийн намын даргад УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлнэ. Харин түүний эсрэг Хотын дарга Х.Нямбаатар өрсөлдөх бөгөөд намаас нь түүнийг шахаж, нийслэлийн намыг нь ч, Хотын даргынх ч ажлыг авна гэх.  Түүний БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй олон их наядын төсөл, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчсөн бүдүүлэг шийдвэрүүд цаашлаад Л.Оюун-Эрдэнийн багт багтдаг зэрэг нь хүртэл албан тушаалгүй болгоход нь нөлөөлж буй бололтой. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээнд түүнд дэмжлэг байхгүй. УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралын дэмжлэг түүнд байхгүй. Учир нь бизнесийн эрх чөлөө, хүний эрх зэрэг баруун төвийн үзэл ярьж буй Н.Учралын зорилготой Х.Нямбаатарын үйлдэл харшилна. Ерөнхийлөгчийн зүгээс ч Х.Нямбаатарыг дэмжихгүй байгаа гэх мэдээлэл бий. Тэр бүү хэл хүлээж авч уулзаагүй удаж байгаа гэх. Тиймээс тэр ойрдоо Ерөнхий сайд Г.Занданшатарыг дагаж гүйж л, энд тэнд харагдах болсон. 

Энэ мэт асуудалтай тэрбээр сүүлийн өдрүүдэд сонгуулийн пи ар даа орж, энд тэндхийн телевиз, сайтын нэр нэвтрүүлгүүдэд оролцож, өрсөлдөгчөө олон нийтийн сүлжээгээр гөвж явна. Харин нөгөө талд түүнтэй өрсөлдөх Э.Бат-Амгалан нь БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан одоо тус дүүргийн намын даргыг хариуцаж байна. Өнгөрсөн парламентад ажиллаж байсан бөгөөд энэ удаад Г.Занданшатарын Засгийн газарт ажиллаж байна. Эдний хэн нь дүүргүүдийг яаж, хайрцаглахаас их зүйл шалтгаалах ч МАН-д нэг зүйл дүрэмтэй, дүрэмгүй мөрдөгддөг нь намын дарга хэнийг бодлогоор зүтгүүлнэ тэр сонгогддог билээ. Нийслэлийн намын дарга өөрчлөгдвөл Хотын даргыг ч ойрын хугацаанд өөрчилнө гэх мэдээлэл байгаа юм.




Өнөөдөр тахиа өдрө

3 цагийн өмнө