Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, тус зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт холбогдсон юм. Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.