Зодог тайлсан аварга А.Сүхбат цагаан сарын барилдаанд зодоглов

Зодог тайлсан аварга А.Сүхбат цагаан сарын барилдаанд зодоглов

Монгол Улсын дархан аварга А.Сүхбат 2006 онд зодог тайлснаасаа хойш анх удаа цагаан сарын хүчит 256 бөхийн барилдаанд өнөөдөр /2026.02.16/ барилдаж, нэгийн даваанд өвдөг шороодлоо. 

Сар шинийн баярт зориулсан уламжлалт барилдаанд тэрээр хүндэтгэлийн журмаар зодоглон, үзэгч олныг ийнхүү баясгасан юм. Түүнийг Монгол бөхийн өргөөний дэвжээнд гарч ирэхэд бөх сонирхогчид халуун алга ташилтаар угтан авч, спортын ертөнцөд эргэн харах мэт уур амьсгал бүрдсэн гэхэд болно. 

Дархан аварга А.Сүхбат нь Монголын үндэсний бөхийн түүхэнд тод мөр үлдээсэн аваргуудын нэг бөгөөд ид үедээ улсын баяр наадамд олонтаа түрүүлж, бөхийн дэвжээг чимж явсан билээ.

Тэрээр 2006 онд албан ёсоор зодог тайлсан ч бөхийн спортоос бүрэн холдоогүй, залуу бөхчүүдийг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оролцсоор яваа гэдэг. Энэ жилийн цагаан сарын барилдаанд түүний барилдах эсэх нь бөх сонирхогчдын дунд таамаг төдий байсан бөгөөд ийнхүү дэвжээнд гарсан нь сар шинийн барилдааны нэгэн онцлох үйл явдал болж байна. Дархан аварга А.Сүхбатын хувьд зодог тайлснаас 9 жилийн дараа буюу 2015 оны Улсын баяр наадамд дахин зодоглож, Дархан аварга Г.Өсөхбаяртай “Зүүний магнай”-г булаалдаж, багагүй маргаан дэгдээж байсан билээ. Харин Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн эрэмбэ тогтоож, Г.Өсөхбаярыг А.Сүхбатын өмнө буюу “Зүүний магнай”-г манлайлахаар тогтоосон байдаг.