ВИДЕО: “Усан парк л барина” гэж сурталчилгаа хийж байсан “Эм Энд Жи” констракшны газрын зөвшөөрлийг Хотын дарга асан Д.Сумъяабазар “орон сууцны зориулалттай” болгон өөрчилж байжээ

ВИДЕО: “Усан парк л барина” гэж сурталчилгаа хийж байсан “Эм Энд Жи” констракшны газрын зөвшөөрлийг Хотын дарга асан Д.Сумъяабазар “орон сууцны зориулалттай” болгон өөрчилж байжээ

Азидаа томд тооцогдох усан парк барина гэж хашаалсан газраа 25 давхар орон сууцны хороолол барьж, барих барихдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн голын ай сав руу оруулж барьчхаад “анхнаасаа усан парк барихаар газар олгогдоогүй, орон сууц барих зориулалттай байсан” гэсэн зүйлийг “Эм энд жи констракшн”-ы удирдлагууд саяхан ярьсан. Гэтэл анх уг газарт үерийн далан барих зоруулалтаар зөвшөөрөл олгож байжээ.

-“АНХНААСАА ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИХ ЗОРИУЛАЛТТАЙ БАЙСАН" ГЭЖ МЭДЭГДСЭН ГАЗРАА “ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН” “АЗИДАА ТОМД ТООЦОГДОХ УСАН "ПАРК БАРИНА” ГЭЖ 2016 ОНД СУРТАЛЧИЛГАА ХИЙЖ БАЙЖЭЭ-

Усан парк барина гэж хашаалсан газарт орон сууцны хороолол баригдаж байгаа талаар манай сайт анх мэдээлж байлаа. Түүнээс хойш энэ хотхоныг “Авлига хороолол” гэж нэрийдэх болсон. Тэгвэл “Авлига хороолол” буюу “Акуа гарден” хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Хотын дарга асан Д.Сумъяабазарын захирамж 2023 онд гарсан байдаг. Тодруулбал, 2023 оны зун болсон их үерийн дараагаар “Авлига хороолол” баригдахдаа урд талын хоёр блок барилгыг Дунд голын ай сав руу оруулж барьсан буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Улмаар 2023 оны наймдугаар сард Д.Сумъяабазар хотын дарга байхдаа Дунд голын ай савыг хааж барьсан “Шунхлай” ШТС, “S Outlet” дэлгүүр болон “Aqua garden /Авлига хороолол/“-ын урд талын хоёр блок барилгыг нураах захирамжийг тус тус гаргасан.

Гэтэл “Шунхлай” ШТС болон “S Outlet” дэлгүүрийг нураагаад “Авлига хороолол”-ыг үлдээсэн. Үүнээс хойш шүүхийн маргаантай явж ирсэн ч саяхан анхан шатны шүүхэд Акуа гарден хотхоныг барьж буй “Эм энд жи констракшн” ялсан. Үүнийхээ дараагаар тэд сүр дуулиантайгаар мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэлдээ, “Усан парк барина гэж газар авсан бус анхнаасаа орон сууцны зориулалттай газар олгогдсон” гэх зүйлийг ярьсан. Гэтэл усан парк барихаар 2016 онд төслийнхөө ТЭЗҮ-г хүртэл гаргасан байсныг дараах бичлэгээс харж болно.

ВИДЕО:

-ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЗҮҮН ТАЛД НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТААР “ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН”-Д ӨӨРЧЛӨН ОЛГОСОН ХҮН НЬ ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР-

Тэгвэл Энхтайваны гүүрний зүүн талын энэхүү байршил хэрхэн “Эм энд жи констракшн”-д очсон, яагаад орон сууцны хороолол барих зөвшөөрөл болгож өөрчилсөн тухай асуудал анхаарал татаж байгаа юм.

Энэ асуудлыг тодруулбал, анх 2007 онд “Эм Энд Жи” констракшнд төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, авто замын холболт хийх, үерийн далан барихаар уг газрыг “ашиглуулах” зөвшөөрлийг олгосон байдаг. Улмаар 2008 оны нийслэлийн засаг дарга асан Т.Билигт Дунд голын салаа урсгал урсдаг 11.8 га газрыг "Эм Энд Жи" ХХК-д орон сууцны чиглэлээр ашиглах зөвшөөрөл өгсөн. Үүний дараа 2011 онд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нь тухайн барилгын компанийн ашиглах эрхийн зөвшөөрлийг “эзэмших” эрх болгож өгсөн байна. Харин 2013 онд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл тухайн газрыг ногоон байгууламж байгуулахаар өөрчилжээ. Үүний дараа 2018 онд нийслэлийн засаг дарга С.Батболд өмнөх захирамжийг өөрчлөн 11.8 га газрыг гурав хувааж, тус бүр газрын гэрчилгээ олгож, газрын зориулалтыг худалдаа үйлчилгээнийх болгон өөрчилсөн.

Харин 2020 онд нийслэлийн засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эм Энд Жи” компанийн газрын гэрчилгээг хүчингүй болгон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох тушаал гаргасан. Гэтэл 2022 онд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар газрын гэрчилгээг сэргээн, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттайгаар дахин олгосон байгаа юм. “Эм Энд Жи” констракшн уг байршилд орон сууц барьж эхэлсэн түүх товчхондоо ийм. Ийнхүү уг байршилд анх үерийн далан барих зориулалтаар газар олгосон байдаг бөгөөд Хотын дарга асан Д.Сумъяабазар гарын зориулалтыг "орон сууцны" болгон өөрчилж байжээ.




Өнөөдөр тахиа өдрө

3 цагийн өмнө