Өнгөрсөн сард УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогттой уулзах үеэрээ шаардлагагүй орон тоог цомхотгож, чиг үүргийн давхардлыг арилгахыг үүрэг болгосон. Үнэхээр Монголбанканд МАН-ын үе, үеийн дарга нарын хүүхдүүд, ах дүү, хамаатан садан ажилладаг бөгөөд шаардлагагүй орон тоон дээр сул цалин авдаг гэх шүүмжлэл олон жилийн өмнөөс яригдаж байсан.
Тиймээс дээрх уулзалтын үеэр УИХ-ын дарга Н.Учрал "Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болоод байсан Монголбанкны орон тоо нэмэгдэж, чиг үүргийн давхардал нь ихэссэн. Хэн юу хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй, мөнгө төгрөг хэвлэх зэргээр хариуцлага алдсан. Энэ бүхний ачааг нь иргэд үүрч байна. Хэмнэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлдэг. Гэтэл нэг байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс С.Наранцогт ерөнхийлөгчид нэг л чиглэл өгмөөр байна. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж шаардлагагүй орон тоонуудыг цомхотгож чиг үүргийн давхардлаа арилга. Монголбанк өөрөө санхүүгийн сахилга баттай баймаар байна. Мөн ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруул. Замбараагүй байдлаар мөнгө хэвлэсэн асуудал байгаа нь тогтоогдвол хуулийн байгууллагад асуудлыг нь шилжүүлэх хэрэгтэй" гэсэн байдаг.
-САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА А.ЭНХЖИНГ 200 САЯЫН ТЭТГЭМЖ АВЧ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙГАА БӨГӨӨД МОНГОЛБАНКНААС ХӨГЖЛИЙН БАНКАНД ОЧСОН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-
Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт 600 гаруй ажилтантай орон тоогоо 120 гаруйгаар бууруулахаар болж цомхотголд орох ажилчдадаа энэ сарын 27-ны өдрийг /2026.02.27/ хүртэл хугацаа өгчээ. Тус 120 гаруй ажилтны 30 гаруй нь газар, хэлтсийн дарга зэрэг удирдах албан тушаалтан бол 30 гаруй нь мэргэжилтэн үлдсэн 30 гаруй нь жолооч, үйлчилгээний ажилтан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Өнөөдрийн байдлаар ажлаасаа гарсан 10 орчим газар, хэлстийн дарга байна. Мөн мэргэжилтнүүд ч чөлөөлөгдөх хүсэлтээ ээлж дараалан өгч байгаа аж. Цаашлаад орон нутаг дахь салбар, төв салбарын үйлчлэгч, жолооч нар нийлсэн 30 орчим хүн ажилгүй болж байгаа бөгөөд тэдний оронд сервис үйлчилгээг гэрээтээр ажиллуулах гэнэ. Цомхотголд орсон 120 гаруй ажилтан бүгд ажилгүйдлийн тэтгэмж авах бөгөөд Монголбанканд авч байсан цалингийн хэмжээнээс хамаараад харилцан адилгүй юм. Тухайлбал, Санхүүгийн зах зээлийн газрын дарга А.Энхжинг 200 сая төгрөгийн тэтгэмж авч байж магадгүй гэх мэдээлэл байгаа бөгөөд тэрбээр Монголбанкнаас гараад шууд Хөгжлийн банканд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна. Энэ мэтчилэн Монголбанкнаас явж Хөгжлийн банканд очиж буй хэд, хэдэн хүн байгаа бололтой.