Сар шинийн баярын өдрүүдэд иргэд хөдөө, орон нутаг руу ихээр зорчиж, ах дүү хамаатан саднаа золгуут хийдэг. Тэгвэл ирэх долоо хоногт тохиож буй сар шинийн баярын үеэр буюу хоёрдугаар сарын 18-20-ныг хүртэлх цаг агаарын мэдээг танилцуулж байна.
Хоёрдугаар сарын 17-нд буюу битүүний өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд буюу шинийн нэгний өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Түүнчлэн сар шинийн баярын өдрүүдэд Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -34-39 градус хүйтэн, өдөртөө -22-27 градус хүйтэн байх бол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус хүйтэн, өдөртөө -14-19 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -13-18 градус хүйтэн, өдөртөө-1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус хүйтэн, өдөртөө -7-12 градус хүйтэн байх төлөвтэй байна.