"Бортээгийн ордод хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын нээлттэй тендерийн материалыг сарын хугацаанд авна"

"Бортээгийн ордод хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын нээлттэй тендерийн материалыг сарын хугацаанд авна"

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын нээлттэй тендер зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, ЭТТ компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу нар оролцлоо.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай "Өнгөрсөн онд УИХ-аас 103 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолоор Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордын ашиглалтыг сайжруулж, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, тухайн орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого баримтлах, мөн хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлцэл хийж, сонгон шалгаруулалтыг үр ашигтай зохион байгуулахыг үүрэг болгосон. Үүний дагуу асуудлыг Засгийн газарт 2-3 удаа танилцуулж, өнгөрсөн сарын 7-нд тэмдэглэл гаргасан. Тус тэмдэглэлд Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдэд санал тавих талаар тусгасан. Улмаар уг хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой этгээдүүдийг нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн. Энэ дагуу Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахлахаар болсон. Ажлын хэсэгт бүх яамдын төлөөлөл орсон. Тус ажлын хэсэг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтын материалыг бэлтгэн, Засгийн газарт гурван удаа танилцуулсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг хүргүүлэх шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд мөн энэ талаар дурдсан. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд олон улсын зарчмын дагуу ил тод, нээлттэй байдлаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад санал тавьж байна. Сонгон шалгаруулалтыг нэг сарын хугацаатай зарласан. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэвлэл мэдээллийн сувгаар бүх мэдээллийг нээлттэй зарлана. Сонгон шалгаруулалтын гол зарчим нь тухайн ордод хөрөнгө оруулж буй этгээдтэй хамтран ажиллахдаа уг ордоос олох нийт үр өгөөжийн 50-иас доошгүй хувь нь Монголын талд ногдох ёстой” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: