Гаагийн шүүхээс эрэн сурвалжилж буй М.Л.Беловатай Б.Баярсайхан уулзаж, "хамтран ажиллана" гэдгээ зарласан нь шүүмжлэл дагуулав

Гаагийн шүүхээс эрэн сурвалжилж буй М.Л.Беловатай Б.Баярсайхан уулзаж, "хамтран ажиллана" гэдгээ зарласан нь шүүмжлэл дагуулав

Олон улсын эрүүгийн шүүх /Гааг шүүх/-ээс 2023 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсын хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Белова нарыг Украины хүүхдүүдийг албадан гаргах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган баривчлах, мөн эрэн сурвалжлах тушаал гаргасан байдаг. 

Тодруулбал, Олон улсын эрүүгийн шүүхийн мэдэгдэлд, “Эдгээр гэмт хэргүүд 2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр буюу ОХУ бүрэн хэмжээний түрэмгийллээ Украинд эхлүүлсэн үеэс үйлдэгдсэн. В.Путиныг бусадтай хамтран ажиллахын зэрэгцээ шууд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн Украины хүүхдүүдийг албадан гаргахыг зогсоохын тулд тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглаагүй” гэж буруутгасан байдаг. Харин ОХУ-ын хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Беловаг мөн адил тус гэмт хэрэгт холбогдуулан олон улсын эрүүгийн шүүхээс эрэн сурвалжилж эхэлсэн талаараа мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүхээс эрэн сурвалжилж буй Мария Львова-Беловатай Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярсайхан саяхан уулзаж, "Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ" гэж зарласан нь олон хүмүүсийн шүүмжлэлтэй тулгарсан байна.

Тодруулбал, зарим иргэн "Олон улсын эрүүгийн шүүхээр хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ... эрэн сурвалжлагдаж байгаа Мариа Львова-Белова гэмт хэрэгтнээр бид Хүүхдийн бодлогоо цаашид заалгаж, залуурдуулах юм гэнэ" хэмээн шүүмжилсэн байр суурийг илэрхийлсэн байна. 

Харин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэдээлэлд, "УИХ даргын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд ХГБХХЕГ-ын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярсайхан ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Мария Львова Беловатай уулзаж, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох талаар хэлэлцлээ" гэжээ.