МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс ГХ-ны сайд Б.Батцэцэг нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс ГХ-ны сайд Б.Батцэцэг нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард МАН-ын Их хурал хуралдаж намын дүрэм, даргаа шинэчилсэн. Улмаар Улсын дээд шүүх өнгөрсөн сарын 09-ний өдөр /2026.01.09/ хуралдаж, МАН-ын даргын өөрчлөлт, намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуульд нийцсэн гэж үзэн албан ёсоор бүртгэсэн юм.

Тэгвэл шинэ даргыг томилж, дүрмээ шинэчилсэнтэй холбоотойгоор МАН-ын дэргэдэх холбоодын даргыг мөн шинэчилнэ. Энэ дагуу МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Их хурлыг энэ сарын 14-ны өдөр /2025.02.14/ товлоод байна. Тус холбоонд 21 аймаг, есөн дүүргийн МАН-ын эмэгтэйчүүд харьяалагддаг. Дүрмээрээ тус холбооны ерөнхийлөгчид намын дарга нэр дэвшүүлдэг. Энэ дагуу МАН-ын дарга Н.Учрал эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Б.Үүрийнтуяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар нэрээ дэвшүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус холбооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, УИХ-ын гишүүн Б.Үүрийнтуяаг дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

Тэрбээр "Урдах ажлаа л сайн хийе гэж бодож байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний ажлаа чадан ядан хийж байгаа. Нэмээд төрийн бус байгууллага ахлаад намынхаа холбооны ерөнхийлөгч болъё гэсэн бодол байхгүй. Би Д.Үүрийнтуяа гишүүнийг дэмжиж байгаа" гэв.Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа ч тэрбээр Үндсэн хууль зөрчсөн асуудалд нэр холбогдон хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм. Түүнийг МАН-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн билээ.