Засгийн газарт гомдол гаргаж, Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын гаргасан зарим тушаалыг хүчингүй болгуулах шаардлага хүргүүлжээ

Засгийн газарт гомдол гаргаж, Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын гаргасан зарим тушаалыг хүчингүй болгуулах шаардлага хүргүүлжээ

Өнөөдөр МҮЭ-ийн холбоо, Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод хамтран боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлаар салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 30-50 хувиар нэмэгдүүлэх тухай Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилт алдагдаж, бодит орлого буурах нөхцөл үүссэн асуудлаар олон зуун салбарын ажилчид гомдол санал, шаардлагыг ирүүлсээр байгааг онцолж, салбарын ажилчдын өнөөдрийн нөхцөл байдал ямар байдалд хүрээд байгааг танилцуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаа мэдэгдэв.

Үүнд:

  • Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргаж, Засгийн газрын 2025 оны 224, 225 дугаар тогтоолуудын холбогдох заалтууд, мөн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын гаргасан зарим тушаал, шийдвэрүүд нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгуулах шаардлага хүргүүллээ.
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх шийдвэрүүд нь хууль дээдлэх зарчим, ижил хөдөлмөрт ижил хөлс олгох зарчим, захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн тул хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахаар хандлаа.
  • Үйлдвэрчний эвлэлийн холбоод нь хамтын хэлэлцээрээр тохирсон цалингийн нэмэгдлийг бодитой хэрэгжүүлэх, салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн хүрээнд тууштай ажиллах болно гэжээ.