Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Тухайлбал Баянзүрх дүүргийн иргэн Т.Дашбатаас "Ү:23 (Хужирбулангийн шинэ эцэс-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 19-072 гарааш дугаартай автобусны жолооч Ботаник зогсоолоос орж ирсэн хүнээс бэлэн мөнгө гар дээрээ авсан" гэх гомдол мэдээлэл ирсэн байна. Уг гомдлын дагуу дээрх автобусны жолооч Э.Б-ын гаргасан зөрчлийг байгууллагын дотоод журмын дагуу шалгаж хариуцлага тооцох чиглэл өгчээ.
Мөн Баянзүрх дүүргийн иргэн Дэлгэрмаагаас "Ч:63 (Хан Хиллс-МУБИС) чиглэлд явж байсан 1-149 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Нэг чиглэлийн хоёр автобус зэрэгцэж яваад байхаар нь шаардлага тавьсан чинь хүлээж аваагүй" гэх гомдол иржээ. Уг гомдолын дагуу “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолооч Б.Б-д байгууллагын дотоод журмын дагуу шагналт цалингийн 5 хувиар хасагдуулж олгох шийдвэр гаргасан байна.