М.Ням-Осор: БНСУ-д олон жил ажил хийсэн туршлагаа эх орондоо нутагшуулж, цэвэрлэгээний компаниа нээгээд 10 хүнийг ажлын байраар хангаж байна

М.Ням-Осор: БНСУ-д олон жил ажил хийсэн туршлагаа эх орондоо нутагшуулж, цэвэрлэгээний компаниа нээгээд 10 хүнийг ажлын байраар хангаж байна

Манай улсын ууган оймсны үйлдвэр “Янмал” компанийг үүсгэн байгуулагч Д.Лхагважав БНСУ-д олон жил оймсны үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд тус хугацаанд олж авсан туршлагаа эх орондоо нутагшуулж, өөрийн компанийг үүсгэн байгуулсан гэж ярьдаг. Өдгөө тус компани маш олон хүнийг ажлын байраар хангахын зэрэгцээ улсдаа их хэмжээний татвар төвлөрүүлдэг баялаг бүтээгч болжээ. Энэ мэт харийн нутгаас сурч, мэдсэн зүйлээ эх орондоо хөгжүүлсэн олон жишээ бий.

Тэгвэл энэ удаа Солонгост олон жил хөдөлмөрлөж, хуримтлуулсан туршлагаа эх орондоо хэрэгжүүлэн цэвэрлэгээ үйлчилгээний салбарт бизнес эхлүүлсэн бүсгүй бол “Super Cleaning” ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Ням-Осор юм. Тэрбээр ажлаа чанартай хийснээр бизнес өөрөө тэлдэг. Мөн Монголд хөдөлмөрлөж амьдрах бүрэн боломж бий тухай ярьсан юм.

ВИДЕО:

"МОНГОЛДОО ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ САЛБАРТАА НОМЕР НЭГ КОМПАНИ БОЛНО"

– Юуны өмнө өөрийгөө болон бизнесээ манай уншигчдад товч танилцуулахгүй юу?
– Сайн байцгаана уу. Танай сайтын үзэгчид, уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ням-Осор гэдэг. Ойр дотнын хүмүүс маань намайг Нямаа гэж дууддаг. Монголдоо ирээд гурван жил болж байна. Эх орондоо ирээд яг юу хийхээ сайн мэдэхгүй байж байгаад, сурсан мэдсэн зүйлдээ тулгуурлаад цэвэрлэгээний компаниа байгуулсан. Энэ нь ч амжилттай болсон доо.

– Анх энэ ажлыг эхлүүлэхэд юу нөлөөлөв?
– Би угаасаа байнгын ажилтай, зүгээр сууж чаддаггүй хүн л дээ. Тиймээс Монголд ирээд нэг цэвэрлэгээ хийдэг хүний доор нэг өдөр ажиллаж, туршлага судалсан. Тэгээд боломжийн, цаашид хөгжих салбар юм байна гэж ойлгоод зориглоод эхэлсэн.

– Одоо танай компанид хэдэн хүн ажиллаж байна вэ?
– Одоогоор 10 хүнтэй. Надтай хамт ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь Солонгост ажиллаж байсан туршлагатай. Нэг стандартаар, хариуцлагатай ажиллаж сурсан хүмүүс учраас бид ойлголцож, нэг баг болж чаддаг. Анх ганцаараа шахуу эхэлж байсан. Захиалга нэмэгдэхийн хэрээр хүнээ нэмэгдүүлсээр олуулаа болсон байна.

"НЭГ МЕТР КВАДРАТ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ ҮНЭ 5000 ТӨГРӨГ БАЙДАГ"

– Үйлчилгээний төлбөрийн хувьд ямар байдаг вэ?
– Нэг метр квадрат талбайг цэвэрлэх үнэ 5000 төгрөг гэдэг. Мөн бүтэн их цэвэрлэгээ, хөнгөн цэвэрлэгээ зэрэг харилцан адилгүй. Гэхдээ үнэ хөлс гэхгүй аль болох чин сэтгэлээсээ маш сайн цэвэрлэж өгөхийг хичээдэг. “Мөнгөний боломж муу байна. Хөнгөн цэвэрлүүлье” гэж хэлсэн ч миний хувьд бүрэн их цэвэрлэгээ хийгээд өгчихдөг.

– Үйлчлүүлэгчдээ яаж татдаг вэ?
– Эхэндээ зар, сурталчилгаа их тавьдаг байсан. Харин одоо бол ихэнх үйлчлүүлэгч ам дамжиж ирдэг. Нэг айлын ажлыг сайн хийчихвэл дараагийнх нь өөрөө залгаад ирдэг юм байна лээ. Чанартай ажил л хамгийн том сурталчилгаа юм байна.

– Ажлын ачаалал хэр байдаг вэ?
– Маш их. Ялангуяа, Цагаан сарын баярын өмнө бараг зогсолтгүй ажилладаг. Зарим өндөр настай хүмүүс өөрсдөө цэвэрлэгээ хийж чаддаггүй гээд гуйж залгана. Өнгөрсөн жил гэхэд битүүний шөнө айлын цэвэрлэгээг дуусгаж байсан. Одоо битүүний өдөр хүртэл захиалга дүүрчихсэн байж байна. Хүн харахад амар, хялбар мэт байж магадгүй, зөвхөн гал тогооны хэсгийг цэвэрлэхэд 2–3 цаг зарцуулдаг. Дундаж метр квадрат талбайтай айлыг бүрэн цэвэрлэхэд нэг бүтэн өдөр зарцуулдаг.

"БИТҮҮНИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ЗАХИАЛГА ДҮҮРЧИХСЭН"

– Цэвэрлэгээний бодис, багаж хэрэгслийн тухайд?
– Бодис, хэрэгслээ Солонгос улсаас захиж авдаг. Өмнө нь ажилладаг байсан компанийн захиралтайгаа холбогдож авдаг гэсэн үг. Цэвэрлэгээний бодис болгон өөр зориулалттай. Тухайлбал, тос задлагч, ерөнхий гадаргуу цэвэрлэгч, ариун цэврийн өрөөний тусгай бодис гээд олон төрөл бий. Үүнийг сайн мэдэхгүй, буруу хэрэглэвэл хүний эд зүйлсийг гэмтээх аюултай. Цэвэрлэгээ гэдэг маш нарийн ажил.

– Монголд цэвэрлэгээ, үйлчилгээний соёл хэр өөрчлөгдөж байна гэж харж байна вэ?
– Өмнө нь цэвэрлэгээ гэхээр хог шүүрдээд, шал арчаад л болчихдог гэж ойлгодог байсан. Харин одоо маш нарийн, детальчилсан цэвэрлэгээ хийлгэдэг болсон. Солонгос улсад айл нүүхдээ заавал мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэдэг. Энэ өөрөө нэг төрлийн соёл болоод тогтчихсон зүйл. Харин сүүлийн жилүүдэд энэ соёл Монголд ч мөн адил сайн хөгжиж байна. Энэ үйлчилгээг мэддэг, авч чаддаг болсон байна.

– Таны ажлын хамгийн сайхан мэдрэмж юу вэ?
– Мөнгө бодохоос илүү “энэ хүний юмыг сайн хийж өгье” гэж сэтгэл гаргаж ажилладаг. Ажил дуусаад хүмүүсийн “баярлалаа” гээд инээмсэглэж байгааг харах үнэхээр сайхан. Ядарсан ч тэр мөчид л бүх зүйл мартагддаг.

– Ирээдүйн зорилгоосоо хуваалцвал?
– Би Монголдоо цэвэрлэгээний салбартаа номер нэг компани болно гэж боддог. Ер нь Монголд ажиллаж, хөдөлмөрлөж чадвал боломж их бий. Хүний нутагт олон жил хүнд хөдөлмөр хийсний дараа эх орондоо ирээд тайван унтах, сэтгэл дүүрэн амьдрах шиг сайхан зүйл алга. Би ч өмнө нь залуустай ижил Монголоос л гарчихвал сайхан амьдрах мэт боддог байлаа. Харин одоо бол энэ бодол өөрчлөгдсөн. Эх орондоо чаддаг зүйлээ чин сэтгэлээсээ хийвэл сайхан амьдрах боломж бүрэн бий.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө