ШУУРХАЙ: П.Сайнзориг, Х.Тайван нар "гэмтлийн зэргээ тогтоолгох"-оор шүүх эмнэлэгт хандсан бөгөөд тэднийг одоогоор яллагдагчаар татаагүй байна

ШУУРХАЙ: П.Сайнзориг, Х.Тайван нар "гэмтлийн зэргээ тогтоолгох"-оор шүүх эмнэлэгт хандсан бөгөөд тэднийг одоогоор яллагдагчаар татаагүй байна

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар энэ сарын 05-ны /2026.02.05/ өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан. Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Тайван нарт одоогоор таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, яллагдагчаар татаагүй, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх нэр бүхий хүмүүс нь гэмтлийн зэргээ тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан байгаа бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж. Тиймээс тус хэргийг гомдол мэдээллийн түвшинд буюу эхний мэдээллээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар бүртгэлд авч, шалгаж байгаа юм байна. Харин шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалж, хэргийг цааш үргэлжлүүлэн, зүйлчлэл нь тодорхой болж шалгах аж. 

-П.САЙНЗОРИГ НЬ Х.ТАЙВАНЫ ХАМРЫН ЯСЫГ ХУГАСАЛСАН БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нь Х.Тайваны биед халдаж, хамрын ясыг нь хугалсан гэх мэдээлэл байгаа. Хэрэв уг мэдээлэл баттай, шүүх эмнэлгийн дүгнэлт "хүндэвтэр хохирол учруулсан" хэмээн гарвал УИХ-ын гишүүн П.Сайнзориг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргээр зорчих эрхийг хязгаарлах ял сонсож магадгүй юм. Гэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох учиртай. 

-П.САЙНЗОРИГ: ТАНИХГҮЙ ЗАЛУУЧУУД ХОРГООГООД ГЭНЭТ Л ЦОХИОД АВСАН-

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нь дээрх хэргийн талаар "Худал мэдээлэл зохион байгуулалттай их цацаж байна. Залуучууд дарвиад л асуудал үүсгэлээ дээ. За яахав дээ гэж бодож байтал зохион байгуулалттай гүтгэлэг яваад байх юм. Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан. Дараа нь Хурцын Тайван, Бямбаа нар байсан гэдгийг мэдлээ. Камерын бичлэг дээр тэгээд тодорхой байгаа дөө. Нэлээн хай болчихсон юм шиг нөхдүүд шиг санагдсан, элдэв зүйл хэрэглэсэн байгаагүй л бол яахав. Хуулийн байгууллага шалгах байх. Бухимдал төрүүлсэндээ хүлцэл эрье ээ та бүгдээсээ" хэмээн цахим сүлжээгээрээ дамжуулан тайлбар хийсэн байдаг. 

Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нь уг хэргийн талаар өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар, мэдээлэл хийгээгүй байна.  

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө