Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн О.Гончигсүрэн хэрэг хийгээгүйнхээ төлөө ял авах гэж буй талаар ар гэрийн төлөөлөл нь хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд хандлаа.
Ар гэрийнхнийх нь мэдээлснээр 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Мандал төвийн гадаа иргэн С.Энхтайваны биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас О.Гончигсүрэнд хэрэг бүртгэл нээсэн байна. Улмаар 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Мандал сумын сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнд бүлэглэн танхайрсан, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлээр 1-5 жилийн хорих ял төлөвлөсөн байна.
О.Гончигсүрэнгийн ар гэрийн зүгээс “С.Энхтайван гэх залууг үнэхээр алгадаад, хамраас нь цус гаргачихсан бол ялыг нь өг. Манай таван давхар объектны гаднахыг харуулсан 1 цаг 30 минутын бичлэгийг хуулж авсан. Гэтэл хэргийн материалд энэхүү нотлох баримт байхгүй. Бид өмгөөлөгчтэйгөө нийлээд гурван удаа гомдол гаргасан ч хүлээж аваагүй” хэмээсэн юм.
Түүнчлэн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-т зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” хэмээх заалтыг үндэслэн хэргийг прокурорт буцаах саналаа хүргүүлсэн боловч хүсэлтийг нь хүлээн аваагүй аж. Мөн тус хэргийн хохирогчийн өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа аж. Тухайн хэрэгт ажилласан шүүх, цагдаа, прокурорын зарим албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй талаар дурдан, хуулийн байгууллагын шударга бус үйл ажиллагаанаас айж байгаагаа тэд энэ үеэр илэрхийллээ. О.Гончигсүрэнг баривчлах шүүхийн тогтоол 2026 оны нэгдүгээр сарын 7-нд гарсан байна. Үүнээс хойш О.Гончигсүрэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд хэвлэлийн бага хурал зарласан гэх шалтгаанаар өнөөдөр /2026.02.02/ өглөө 413-р хорих ангид саатуулжээ. Ар гэрийн зүгээс уг хэргийг үнэн шударгаар шалгаж, хууль ёсны шийдвэр гаргахыг холбогдох байгууллагуудаас хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.
М.ДЭЛЭГ