Б.Энхбаяр: Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах хуулийг би дарж хэвтээгүй. Тэгээд ч хөрөнгө хураах заалт Эрүүгийн хуульд байгаа

Б.Энхбаяр: Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах хуулийг би дарж хэвтээгүй. Тэгээд ч хөрөнгө хураах заалт Эрүүгийн хуульд байгаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа "Хууль бус хөрөнгийг хураах хууль"-ийг санаачилж, УИХ-д өргөн барьсан. 

Энэ талаар О.Алтангэрэл өнгөрсөн 2025 оны  1 дүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл өгөхдөө "Албан тушаалтай хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг нь хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн. Үүний шалтгаан хууль эрх зүйн орчинд байсан. Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан буюу төрийн өндөр албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжих ёсгүй гэсэн үзэл санаанд үндэслэж Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газар өнөөдөр хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Авлигын багц хуулийн төслийг хамт өргөн мэдүүлнэ. Нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлбарлаж чадахгүй бол хураан авах эрх зүйн үндсийг тогтоож байна. Авлигын эсрэг хуульд зүйл заалт байдаг боловч процесс байхгүй" гэсэн юм. 

Тэгвэл түүний хуулийг УИХ-аар хэлэлцэхгүй байгаа шалтгааны талаар одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр доорх мэдээллийг өгчээ. Тодруулбал тэрбээр Өвөрхангай аймагт иргэдтэй уулзах үеэрээ " 2025 оны тавдугаар сард УИХ-д өргөн барьсан. УИХ-ын мэдэлд байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд уг хуулийг татаж чангаагаад, дарж хэвтээд байгаа юм байхгүй. Одоо 126 гишүүн ярилцаж шийдвэрлэх асудал. Энэ дотор хэлэлцэж, боловсронгуй болгох асуудал байгаа юу гэвэл байгаа. Үүнтэй 100 хувь санал нэгдэх үү гэвэл би өөр байр суурь хэлнэ. Жишээлбэл, гэмт хэрэг хийгээд хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураадаггүй юм байна гэж ойлгосон юм биш биз. Эрүүгийн хуулиар хөрөнгийг нь хураадаг. С.Баярцогтоос 4 тэрбум, Т.Аюурсайхан нараас мөн 4 орчим тэрбум төгрөг хураасан. Сүүлийн жилүүдэд хууль хяналтын байгууллагаас битүүжилсэн, хураасан хөрөнгийг хэмжээ хэдэн 100 тэрбум гарна" гэжээ. 

ВИДЕО: