Нийслэлчүүд метрогоор зорчиж эхэлсний бараг 10 жилийн ой тохиож байна. Ингэж тодотгосны учир нь “Улаанбаатар метро” төсөл 2010-2011 онд яригдаж эхлэх үед, 2017 оноос нийслэлчүүд метрогоор зорчино хэмээн дарга нар мэдэгдэж байсан. Харин 2023 оны 12 сард Засгийн газрын тогтоол гарч уг төслийг дахин эхлүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл тус стратегийн чухал төслийн талаар “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайтай ярилцлаа.
ВИДЕО:
"АХААРАА ДАМЖИЖ ТОМИЛОГДСОН ГЭДЭГ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД Ч БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ"
-Ярилцлаганы эхэнд таны хувь хүний тухай хальт ярилцахыг хүсэж байна. Дэлхийн өнцөг булан бүрт нийтдээ метроны чиглэлээр ажиллаж буй дөрвөн монгол инженер инженерийн нэг нь та юм байна. Та яагаад олон улсын карьераа орхиод Монголд ирэхээр шийдсэн бэ?
-Намайг Т.Мөнхдалай гэдэг. “Улаанбаатар метро” төсөлд 2024 оны тавдугаар сараас хойш ажиллаж байна. Өөрийгөө товч танилцуулъя. Би 2019 онд Япон улсын Киотогийн их сургуульд дэд бүтцийн инженерийн мэргэжил эзэмшсэн. Улмаар Япон улсын хүүхдүүдтэй ижил зарчмаар буюу Японы зөвлөх үйлчилгээний компанид ажилд орсон. Миний ажлын гараагаа эхлүүлсэн компани маань манайх шиг хөгжиж байгаа дэлхийн 150 гаруй улсад дэд бүтцийн томоохон төслийн менежментийг хийж өгдөг байсан. Манай гэр бүлийнхэн бүгд төмөр замын хүмүүс учир тус салбарт орсон. Ингээд дөрвөн улсын метро, хурдны галт тэрэгний төслүүд дээр ажиллаж байсан.
Харин олон улсын карьераа орхиод ирсний гол шалтгаан нь эх орондоо метро, хурдны галт тэрэг барихад гар бие оролцох оюутан цагийн мөрөөдөл байсантай холбоотой.
Монголчуудын хувьд эх орондоо метротой болох нь мөрөөдөл хэвээр байна. Төмөр замын салбарын дараагийн хөгжил бол яах аргагүй метро, хурдны галт тэрэг юм. Олон улсын карьераа анх эхлүүлэх үеэс л эдгээр томоохон төслүүдийг эх орондоо хэрэгжүүлэх гол хүмүүсийн нэг болохын төлөө өөрийгөө хөгжүүлсэн. Гэхдээ энэ цаг хугацаа арай болоогүй гэж дотроо бодож явсан. Харин метро төсөл дахин эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарах үед хотын дарга цахимаар холбогдсон. Ганц надтай бус дэлхий даяар энэ салбарт ажиллаж байгаа монгол залуустай холбогдож, эх орондоо ажиллах санал тавьсан байсан. Тухайн үед би дотроо бага зэрэг эргэлзэж байсан. Гэсэн ч эдгээр төсөлд хувь нэмрээ оруулахын тулд энэ салбарыг сонгосон хүн учир бага зэрэг эрт байсан ч олон улсын карьераа орхиод ирсэн дээ.

-Таны ах НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай таныг энэ албан тушаалд авчирсан гэж ярьдаг. Та энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Хүмүүс миний нэрийг интернетээс хайж үзэхэд ойлгомжтой. Миний хувьд хотын даргатай холбогдож, 2024 оны тавдугаар сараас ажилдаа орсон. Харин миний төрсөн ах Т.Даваадалай 2024 оны наймдугаар сараас улс төрд орох шийдвэрээ гаргасан. Ингээд тэрээр 2024 оны аравдугаар сард НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж, сонгогдсон. Харин тус оны арваннэгдүээр сард намынхаа улс төрийн шийдвэрийн дагуу НЗД-ын нэгдүгээр орлогчоор томилогдсон. Өөрөөр хэлбэл, би ахаасаа зургаан сарын өмнө ажилдаа томилогдсон гэсэн үг. Ахаараа дамжиж томилогдсон гэдэг мэдээлэл нь цаг хугацааны хувьд ч боломжгүй зүйл.
"60 САР БУЮУ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАРЬЖ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА"
-2030 онд метро ашиглалтад орно гэж танилцуулаад байгаа. Өдгөө 2026 он гарчихлаа. Өнөөдрийн байдлаар төсөл ямар шатандаа үргэлжилж байна вэ. Төсөл төлөвлөсөн хугацааны дагуу үргэлжилж байна уу?
-Цаг хугацаа ярихаас өмнө нэг зүйл тодотгохыг хүсэж байна. Төслийн үе шат болгоны өмнө олон төрлийн судалгаа хийдэг. Тэр бүрт төслийн цаашдын төлөвлөгөө шинэчлэгддэг. Анх 2024 онд зөвлөх үйлчилгээ авч эхлэх үед метро 2030 онд ашиглалтад орно гэж төлөвлөж байсан. Харин түүнээс өмнө буюу Засгийн газрын анхны тогтоол гарах үед 2028 онд ашиглалтод орно гэж байлаа. Яг өнөөдрийн хувьд бид сүүлчийн шатны тендерээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд зарласан. Бидний анхны төлөвлөгөөгөөр 2025 оны есдүгээр сард тодруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Тэгэхээр анхны төлөвлөгөөгөөс зургаан сар хоцорч байгаа. Сүүлийн шатны тендер ирэх тавдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Ингээд тендерт шалгарсан этгээдтэй гэрээгээ байгуулаад 60 сар буюу таван жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-2024 оны зургаадугаар сард буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн метро төсөл эхэллээ гэх агуулга бүхий шууд дамжуулалт хийж байсан. Тус шууд дамжуулалтаар ОХУ-ын социализмын үеийн техникууд тавьж, өрөмдлөг эхэллээ гэж мэдээлсэн. Тус ажлын тухайд Энэ сонгуулийг угтсан PR байсан уу?
-Миний санаж байгаагаар тэр асуудал 2024 оны наймдугаар сард болсон. Зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулж, гол трассын дагуу геологийн өрөмдлөг хийсэн. 20-30 см-ийн диаметртай, 30 метр хүртэл гүн өрөмдлөг хийж, хөрсний дээжийг шинжилсэн. Тухайн үед энэ шинжилгээний ажлыг Солонгос инженерүүд удирдсан. Харин гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажилласан. Тус компаниудын тоног төхөөрөмж харагдах байдлын хувьд хуучны санагдаж магадгүй. Гэхдээ гүйцэтгэгч дотоодын компаниуд бүгд Геологийн төв лабораторийн гэрчилгээтэй . Бид тоног төхөөрөмж чинь гоё өнгө төрхтэй байх ёстой гэж болохгүй шүү дээ. Яригдаж буй шууд дамжуулалт, мэдээллийн тухайд геологийн дээж авахаас өмнө Барилгын хөгжлийн төвийн үүдэнд дотоодын 2-3 компанид Солонгос зөвлөхүүд сургалт явуулсан юм билээ. Тэр үед зарим телевизүүд сурвалжилга бэлтгэсэн. Харин тус компаниуд судалгаа эхэллээ гэж баярлаад жоохон дураараа анонс зэрэг зүйл тавьсан байсан. Энэ нь буруу ойлголт төрүүлсэн байж болох талтай.
"БНСУ-ЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИТАЙ ЗУРГААН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 145 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН"

-Өдгөө “УБ метро төсөл”-ийн ТЭЗҮ бол 2013 онд “Жайка”-ын хийсэн ТЭЗҮ дээр үндэслэсэн гэдэг. “Жайка”-ын хийсэн ТЭЗҮ ер нь хэр сайн ТЭЗҮ байсан бэ. Тухайн үед ТЭЗҮ-д үндэслэж тухайн үед метро төслийг үргэлжлүүлэх боломж байсан гэж үзэж болохоор байгаа. Та ямар байр суурьтай байдаг вэ?
-Техник эдийн засгийн үндэслэлийн тухайд Солонгос компани анхны ТЭЗҮ-ийг 2011 онд хийсэн. Метроны хувьд 30 орчим километр урттай байхаар төлөвлөж судалгаа хийсэн байдаг. Тус ТЭЗҮ тухайн үед хэрэгжээгүй шалтгааныг сайн мэдэхгүй юм. Харин дараа нь Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/ өөрсдийн хөрөнгөөр уг судалгааг эдийн засгийн үр ашигтай байх талаас хийсэн. Тус суурь судалгаагаар бол 17.7 км урт буюу Толгойтоос Амгалангийн хооронд хийхээр төлөвлөсөн байгаа юм. Мөн төвийн хэсгээрээ газар доогуур, хоёр захаараа гүүрэн байгууламжтай хийвэл төсөвт хэмнэлттэй, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй байна гэсэн урьдчилсан ТЭЗҮ хийсэн байгаа юм.
Япончууд өөрсдийн хөрөнгөөр хийсэн учраас дараагийн шат нь Засгийн газар хоорондын хэлэлцээр байх ёстой. Миний ойлгосноор Засгийн газрын хэлэлцээрийн шатанд тухайн үеийн улс төр, эдийн засгийн байдлаасаа шалтгаалж, улс төрийн шийдвэр гараагүй юм болов уу гэж ойлгосон. Энэ бол тухайн үеийн материалуудыг үзээд гаргасан хувь хүний дүгнэлт.
- ТЭЗҮ-д хэдий хэмжээний төгрөг зарцуулсан бэ?
-Бид БНСУ-ын зөвлөх үйлчилгээний компанитайгаа төслийг дуусгах хүртэл зургаан жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ бол 145 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээ бөгөөд гэрээний нэг хэсэг нь ТЭЗҮ юм. ТЭЗҮ -д миний өмнө дурдсан 42 цэгийн өрөмдлөг, зургаан төрлийн суурь судалгаа зэрэг багтаж байна. Суурь судалгааг маш сайн хийж, хуучин ТЭЗҮ-ээ стандартад хүргэж, батлуулсан. Зөвхөн ТЭЗҮ болон суурь судалгааны зардал 20 орчим тэрбум төгрөг. Хамгийн өндөр зардлууд нь гол суурь судалгаанууд дээр гарч байна. Гэхдээ орчин үеийн технологийг ашигласнаар зардал бага зэрэг буурсан.

-Ер нь Улаанбаатар метро төсөлд бид хэр их хэмжээний төсөв зарцуулж байгаа вэ. Энэ төсвийг бонд босгох замаар бүрдүүлнэ гэдэг мэдээлэл үнэн үү?
-Нийт төсөвт өртөг шинэчлэгдсэнээр хоёр тэрбум 445 сая ам.доллар гэж магадлагдаж, батлагдсан. Энэ төсвийн өртгийн 15 хувийг нийслэлээс тухайн он бүрт санхүүжүүлнэ. Харин үлдсэн 85 хувийг олон улсын хөнгөлөлттэй зээл авах нээлттэй тендерээр санхүүжүүлнэ. Ер нь зээл гэдэг бол хувь хүн дээр бодсон ч гэсэн нэг төрлийн үйлчилгээ шүү дээ. Орчин үед хамгийн шударга, үр өгөөж өгөөжтэй арга нь тендерээ нээлттэй зарлах. Тухайн оролцогч компаниуд улсынхаа дэмжлэг үзүүлдэг экспортын банк болон олон улсын байгууллагуудаасаа хөнгөлөлттэй зээлийн саналаа цуглуулж ирүүлэх. Тэгээд урт хугацаандаа хамгийн хямд үнэ, хамгийн ашигтай, ээлтэй зээлийн нөхцөл санал олгож байсныг нь цогцолбороор нь сонгон шалгаруулалт хийх тендер зарласан.
"2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН БАЙДЛААР МЕТРОГООР ЗОРЧИХ ТАСАЛБАРЫН ҮНЭ 1250-2000 ТӨГРӨГ ГЭЖ ТООЦСОН"
-2024 онд нийслэлээс баригдаагүй байгаа метроны зорчих үнийн судалгааг авч байсан. Иргэд хэдэн төгрөг байвал зүгээр гэж хэлж байсан бол?
-Үнийн саналын судалгааны тухайд өнгөрсөн хугацаанд 2-3 удаа авсан байна. Манай улс шиг төгрөгийн ханш нь унаж байдаг улсад дахиад авах ёстой юм билээ. Учир нь ТЭЗҮ-ийн хамгийн чухал хэсэг нь эдийн засгийн хувьд энэ төсөл үр ашигтай эсэхийг тогтоох явдал юм. Харин метроны хамгийн гол орлого нь тасалбарын үнэ юм. Тэгэхээр метро ашиглалтад орох үед иргэд тасалбарт хэдэн төгрөг төлөх сэтгэлзүйн бэлтгэлтэй байгааг тандах судалгаа юм. Мөн тасалбарын үнэ хэдэн төгрөг байвал тус төсөл өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой гэдгийг судалж буй хэрэг . Метрогоор зорчих тасалбарын үнийг өндөр тавих тусам зорчих хүний тоо буурна. Тэгэхээр метроны нийгэмд үзүүлэх нөлөө буурдаг. Нийгэмд үзүүлэх нөлөө болон өөрийнхөө өртгөөр цааш явчих “Хугарлын цэг”-ийн үнийг 2024 оны аравдугаар сарын байдлаар 1250-2000 төгрөг гэж тооцсон байна. Үнийн дүн ялгаатай байгаа нь хэр хол явснаас шалтгаална.Метро ашиглалтад орох үед энэ судалгааг дахин авна гэсэн үг юм.

-Улаанбаатар метро төслийн хамгийн чухал асуудал гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлаж буй тухай 2025.12 сард зарласан. Гүйцэтгэгч компани бол ажлаа дуусгаад явчихна. Харин бидэнд цаашид метрог авч явах хангалттай боловсон хүчин бий юу. “УБ метро” төслийн хүрээнд Нийслэл, ШУТИС хамтарч БНСУ-д мэргэжилтэн бэлтгэнэ төлөвлөж байгаа. Эдгээр мэргэжилтэн хэзээнээс жинхэнэ боловсон хүчин болж ажиллах бол?
Бид 2024 оны есдүгээр сард ШУТИС-тай хамтран ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг нь Солонгос зөвлөхүүдтэй хамтран нэг жилийн хугацаанд сургалтын хөтөлбөр, сурах бичиг зэргийг бэлдсэн. Анхны элсэлтээ 2025 оны есдүгээр сард авсан. Өнөөдрийн байдлаар 50 гаруй оюутан сурч байна. Хамгийн анхны эдгээр элсэгчид 2028-2029 онд төгсөнө. Тэр үед метро төсөл маань дуусаагүй байна. Иймд эхний төгсөгчдөө хамтын ажиллагаатай улсуудад дадлагажуулна.
Ингэснээр метро ашиглалтад орох үед анхны төгсөгчид маань аль хэзээний 2-3 жилийн туршлагатай болно гэсэн үг. Мөн 2028 онд трамвай ашиглалтад орно. Зарим төгсөгчид маань трамвайд ажиллах боломжтой.
-Өнөөдөр бид цахилгаангүй, дулаангүй нөхцөлд идэр хүйтэн өвлийг цутруухан давж байна. Метро ашиглалтад орсноор цахилгааны асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас цахилгаан авна гэж байгаа. Гэтэл өнөөдөр Бөөрөлжүүтийн цахилгаан станц нүүрсний хангамжийн асуудалтай, нүүрс дамжуулах хоолой нь хөлдчихөөд байна.
-Метро шаардлагатай цахилгааныг эрчим хүчний нэгдсэн системээс авна. Ойрын хугацаанд үе шаттай хэрэгжиж байгаа төсөл бол Бөөрөлжүүтийн цахилгаан станц юм. Мөн миний сонссоноор 660 МВт-ын хүчин чадалтай Баянгийн цахилгаан станц баригдаж байна. Ерөнхийдөө ийм стратегийн төсөл яг энэ станцаас авна гэсэн тодорхой заалт байхгүй. Мэдээж хоёр том дэд станц болох Улаанбаатар, Амгалангийн дэд станцаас хоёр талаасаа эх үүсвэрээ авна. Хэрэв аль нэг станц түр зуур ажиллахгүй бол нөгөө станцаасаа авна гэдэг нь найдвартай ажиллагааг хангаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон шиг нийтээрээ эрчим хүч хүрэлцэхгүй үед стратегийн чухал төслүүд эхлээд цахилгаанаа авна. Гэхдээ энэ хэрэгжиж байгаа төслүүдийг харахад 2028, 2029 гэхэд одоо үйлдвэрлэж байгаа хэмжээнээс хоёр дахин ихийг нийлүүлэхээр байна. Тэр үед өнөөдрийнх шиг эрчим хүчний дутагдалд орохгүй .
“УЛААНБААТАР МЕТРО ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ДУУСГАНА ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙДАГ”

-Г.Мөнхбаяр “2017 онд метро явуулна” гээд чадаагүй. Д.Сумъяабазар 2024 онд Казахстанд бүтэлгүйтсэн Баганан тулгуурт галт тэрэг” буюу LRT барина” гээд болоогүй. Хотын дарга Х.Нямбаатар метро барьж чадна гэдэгт та итгэлтэй хэвээрээ байгаа юу?
-Миний хувьд бүрэн дүүрэн итгэлтэй байна. Хувь хүний карьераа орхиод ажиллаж байгаа нь үүний илрэл гэж бодож байна. Энэ бол хувь хүнээс бол гарч болох хамгийн том итгэл байх. Мөн миний хувьд бүх цаг хугацаагаа зориулан ажиллаж байна.
- Метро бол 10 саяас дээш хүн амтай хотод тохиромжтой бөгөөд метроны нийт урт 50 км-ээс дээш байвал ашигтай гэж үздэг юм байна. Харин манай нийслэл 1.5 сая хүн амтай бөгөөд тал нь бараг хүүхэд. Та энэ асуудалд юу хэлэх вэ?
-Метро нэг шугамын дагуу л байгаа шүү дээ. Тэгэхээр нийт хүн ам гэхээсээ илүү яг тэр шугамын эрэлт хэрэгцээ байгаагаар илэрхийлж байгаа. Шугамын энгийн автобус дээд тал нь 3-4 мянган хүнийг цагт нэг чиглэл рүү зөөх чадалтай байдаг. Би нэг жишээ авъя. Иргэд Энхтайваны өргөн чөлөөнд автобуснууд түгжирсэн зургуудыг цахим орчинд нийтэлдэг. Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн ч автобуснууд нь урт цуваа болчихсон зогож байна. Үүнээс харахад л ойлгомжтой шүү дээ. Манай улс өнөөдөр 1.7-2 сая хүн амтай болохоор бага юм шиг сонсогддог. Гэхдээ хотын нягтаршил өндөр. Гэр хорооллын хэсэгт 700м2 талбай дээр нэг айл амьдарч байгаа нь сийрэгжилттэй. Харин төвийн хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байх ёстой бүх хэсэгт байшин барьсаар байгаа нь нягтаршлыг маш ихэсгэж байна. Энэ нягтаршил хөнгөн төмөр замын хязгаарыг даваад метро барих шаардлагад аль хэдийн хүрсэн.
Ерөнхийдөө бүх төрлийн судалгаагаар Улаанбаатар хотын нийт зорчилтын 30-35 хувь нь Энхтайваны өргөн чөлөөгөөр дайран өнгөрдөг юм байна. Мөн 2024 оны байдлаар нийслэлд 3.5-4 сая зорчилт байгаа бөгөөд 30-35 хувь нь төвлөрөөд байгаа юм. Цаашлаад ирээдүйн хүн амын өсөлттэйгөө харьцуулж үзэхээр хангалттай метро шаардлагатай болчхоод байна.
Иргэд трамвай, түргэн замын автобус зэргийг барьж болохгүй юу гэх хэлдэг. Эдгээр нь одоо аль хэдийн ачааллаа дийлэхээргүй болчихсон. Энэ гэхдээ Энхтайвангийн өргөн чөлөөний хувьд ярьж байгаа гэдгийг тодотгоё. Харин бусад гол шугамууд дээр трамвай зэрэг нийтийн тээврийн хэрэгслүүдийг хэрэгжүүлэх боломжтой байгаад байна.
-Ер нь метро яг хэзээнээс иргэдэд үйлчилж эхлэх вэ?
-Төлөвлөгөөгөөр бол 2031 оны нэг юм уу хоёрдугаар сард ашиглалтад орохоор байна. Гэхдээ бага зэргийн асуудал гарвал хугацаа бага зэрэг өөрчлөгдөж магадгүй. Иймд бид гүйцэтгэгчтэйгээ гэрээ байгуулж, 60 сар сарын хугацаа өгнө. Ингээд 60 сар буюу таван жилийн дотор дуусгахын тулд гүйцэтгэгчтэйгээ хамт дайрна гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.