Ховд аймгийн Мөст сумын харьяат, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн улсын заан Ц.Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болов.
Чансаагаараа аймгийн заанаас дээш цолтой 128 хүчтэн зодоглосон тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарсан. Харин наймд улсын харцага Э.Даш, начин Б.Даваа-Очир, М.Амарсанаа, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдэв. Л.Даваажамцын хувьд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд анх удаа шөвгөрч байгаа юм.
Нэрэмжит барилдаан зохион байгуулсан улсын заан Ц.Мягмарсүрэнд МҮБХ болон Ховд дэвжээ, нэгэн үед барилдаж явсан бөхчүүд, шавь нар, нутгийн олон, найз нөхөд зэрэг олон хүмүүс хүндэтгэл илэрхийлсэн юм. Тухайлбал, улсын аварга О.Хангай багшдаа 100 сая төгрөг гардуулсан бол улсын заан Ч.Батзориг тэргүүтэй “Ховд” дэвжээнийхэн хоёр өрөө байр, 40 сая төгрөгөөр хүндэтгэл илэрхийлэв. Барилдаанд түрүүлсэн бөхийн 8.0, үзүүрлэснийг 5.0, их шөвгийг 3.0 сая төгрөгөөр мялаасан байна.
Ц.Мягмарсүрэн зааны нэрэмжит барилдааны үеэр азтан тодруулахад Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат иргэн үеэр супер азтанаар тодорч “Тоёота Камри” маркийн автомашины түлхүүр гардлаа. Өнөөдөр 11:00 цагаас Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаантай.
