Израилийн агаарын цохилтын улмаас Газын зурваст 32 палестин хүн амиа алдсан гэж мэдэгджээ

Израилийн агаарын цохилтын улмаас Газын зурваст 32 палестин хүн амиа алдсан гэж мэдэгджээ

Өчигдөр /2026.01.31/ Израилийн армийн явуулсан агаарын цохилтын улмаас Газын зурваст дор хаяж 32 палестин хүн амиа алдсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Хамасын удирддаг Иргэний хамгаалалтын агентлагийн мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд багтжээ. Тухайлбал, нэг халдлагын үеэр Израилийн нисдэг тэрэгнүүд Газын өмнөд хэсгийн Хан Юнис хотод байрлах дүрвэгсдийн хоргодож байсан майхнуудыг онилон цохилт өгсөн байна. 

Орон нутгийн оршин суугчид эдгээр цохилтыг өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын зуучлалаар байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хоёр дахь үе шат хэрэгжиж эхэлснээс хойших хамгийн хүнд цохилт хэмээн тодорхойлжээ.

Израилийн Батлан хамгаалах хүчин өчигдөр /2026.01.31/ Хамас гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн хэмээн мэдэгдэж, үүний хариуд хэд хэдэн байршилд цохилт өгснөө баталсан байна. Тэгвэл өнгөрсөн жил гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Израиль, Хамас хоёр тал бие биеэ тохиролцоог зөрчсөн хэмээн харилцан буруутгасаар иржээ.

Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдэлдээ “10 дугаар сарын хэлэлцээрийн хүрээнд Израилийн цэргүүд байрласан Газын зүүн хэсгийн Рафах хотод байрлах газар доорх террорист дэд бүтцээс гарч ирсэн найман террористыг илрүүлсэн” гэж дурджээ. Мөн Израилийн Аюулгүй байдлын агентлагтай хамтран “дөрвөн командлагч болон бусад террористууд”, зэвсгийн агуулах, зэвсэг үйлдвэрлэх байгууламж, Газын төв хэсэгт байрлах Хамасын хоёр пуужин хөөргөх цэгийг онилон цохилт өгсөн" гэж мэдээлсэн байна.

Харин Хамас уг цохилтыг эрс буруушааж, АНУ-ыг яаралтай арга хэмжээ авахыг уриалсан бөгөөд “эдгээр давтан зөрчил нь Израилийн засгийн газар Газын зурвасын эсрэг харгис хэрцгий, геноцидын шинжтэй дайнаа үргэлжлүүлж байгааг нотолж байна” хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө