"Шувуу"-аар ирж, тэргэнцэртэй шүүгдэж байсан Т.Бадамжунайн хэрэг 2 жил гаруйн өмнө прокурорт буцаад, "сураг алдрав"

"Шувуу"-аар ирж, тэргэнцэртэй шүүгдэж байсан Т.Бадамжунайн хэрэг 2 жил гаруйн өмнө прокурорт буцаад, "сураг алдрав"

Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг одоогоос гурван жил орчмын өмнө буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр /2023.04.05/ “Шувуу” ажиллагааны хүрээнд  Филиппин улсаас сүр дуулиантайгаар Монголд авчирч байсан билээ. 

Гэвч тус хэргийг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэрэгт нэгтгэснээр тэдний хэргийн сураг алдрав.  

Тодруулбал, "Шувуу" ажиллагаагаар эх оронд нь авчирсан Т.Бадамжунайг тухайн үед хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан. Ингээд түүнийг гурван сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа 2023 оны долдугаар сарын 05-ны өдөр "Эрүүл мэндийн шалтгаан"-тай хэмээн Хорих 461 дүгээр ангиас суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон байдаг.  

Улмаар Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тухайн үеийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Ингэхдээ:

  • "Т.Бадамжунай нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т “хахууль өгөх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт,
  • Э.Жаргалсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “мөнгө угаах” гэмт хэрэгт, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байв. 

Харин шүүхээс хэргийг хэлэлцэх үед Т.Бадамжунай нь "цус харвасан" хэмээн шүүх танхимд тэргэнцэртэй ирж, шүүгдэж байсан бөгөөд шүүхээс "Т.Бадамжунайд холбогдох хэрэгт шалгагдаж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хэргийг тусгаарласан нь буруу байсан", “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэж байсан юм. Харин үүнээс хойш тус хэргийн талаарх мэдээлэл сураг алдарсан байдаг.

Тиймээс ч бид Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн явцын талаар удаа дараа холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахыг хүссэн ч энэ талаарх мэдээллийг өгөхгүй, магадгүй нууцалсаар энэ хүрсэн юм. Үүнээс үзвэл сүр дуулиантайгаар "Шувуу" ажиллагааны хүрээнд Монголд авчирч, хууль хяналтын байгууллагын удирдлагууд, салбарынхаа сайдтай хамтдаа мэдээлэл өгч сүрийг үзүүлж байсан Т.Бадамжунайн хэрэг прокурорт гацаж, шүүхээр эцэслэн шийдэгдэхгүй нь бололтой. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө

Өнөөдөр могой өдөр

1 хоногийн өмнө