“Алтан од” одонг спорт, олимпизмыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан, Олимпын наадмаас медаль хүртсэн, эх орноо дэлхийд сурталчлан таниулсан хүмүүсд олгодог хүндэт шагнал юм.
Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ Нетфликсээс зохион байгуулсан “Physical Asia” шоунд Ази тивийн 8 улсын баг тамирчидтай хүч чадал, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж дэд байрт шалгарсан Монголын баг, тамирчдад МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонг Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” шоунд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.