Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч "Цэргийн төв эмнэлэг"-т ухаангүй хүргэгдэн иржээ

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч "Цэргийн төв эмнэлэг"-т ухаангүй хүргэгдэн иржээ

"Хугацаат болон гэрээт цэргийн алба хааж буй алба хаагчидтай дүрмийн бус харилцаа үүсгэх, тэдний эрх чөлөөнд халдсан" гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд их гарах болсон. Гэвч зэвсэгт хүчний салбарын удирдлагууд "цэргийн дэг" гэх дүрмийн бус харилцаа байхгүй болсон гэж ярьдаг. Тэгвэл хугацаат цэргийн алба хаагч цэргийн ангидаа бусдад зодуулсан байж болзошгүй үйл явдал гарсан байна. 

Тодруулбал,  Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэргийн алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч “У” нь энэ сарын 14 /2026.01.14/-ны өдөр Цэргийн төв эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж, одоо хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Тус алба хаагч нь 2025 оны намрын цэрэг татлагаар татагдсан бөгөөд цэргийн алба хаагаад гуравхан сарын нүүрийг үзэх гэж байгаа “шинэ цэрэг” гэж хэлж болно. Мэдээж тухайн алба хаагчийг шууд зодуулж, бэртсэн гэж хэлэх боломжгүй. Мэргэжлийн байгууллагууд эцсийн дүгнэлтийг гаргана. Гэхдээ тухайн алба хаагчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа бөгөөд тухайн цэргийн ангид шалгалт оруулах хүсэлт гаргаад байгаа ажээ. Учир нь Цэргийн төв эмнэлэгт ухаангүй ирсэн хугацаат цэргийн алба хаагч У нь саяхан ухаан орсон ч шокийн байдалтай үг хэлж, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байгаа ажээ. Мөн биед ил шарх, сорви байхгүй байгаа ажээ.

-ЭРҮҮЛ САРУУЛ ЦЭРЭГТ МОРДУУЛСАН ХҮҮХЭД МААНЬ ЯРИХ Ч ЧАДВАРГҮЙ, ГҮН ШОКОНД ОРСОН БАЙДАЛТАЙ БАЙНА-

Энэ талаар цэргийн алба хаагчийн гэр бүлийн төлөөлөл,  “Бидний хувьд гомдолтой байна. Эрүүл саруул хүүхдээ цэргийн албаа нэр төртэй хаагаад ирээсэй хэмээн мордуулсан. Гэтэл өнөөдөр У маань ярих ч чадваргүй, гүн шоконд орсон байдалтай байна. Энэ асуудлыг шалгуулах болно. У минь хугацаат цэргийн албанаас ойрын өдрүүдэд чөлөөлөгдсөн. Цэргийн төв эмнэлэгээс гараад өөр улсын болон хувийн эмнэлэгүүдэд хандаж, биеийг нь сайтар эмчлүүлж, үзүүлнэ. Одоогоор эмнэлгийн хариу бүрэн гараагүй байна” гэсэн юм.

-ТУС ЦЭРЭГ НЬ СУУРЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛТАЙ БАЙСАН БӨГӨӨД СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУВЬД Ч АСУУДАЛТАЙ БАЙСАН БАЙЖ МАГАДГҮЙ БАЙНА-

Хугацаат цэргийн алба хаагч зодуулж бэртэж, гэмтсэн байж болзошгүй асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Тус цэргийн ангиас ухаангүй цэрэг Цэргийн төв эмнэлэгт ухаангүй хүргэгдэж, эмчлүүлж байгаа нь үнэн. Гэхдээ тус цэрэг нь суурь эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ч асуудалтай байсан байж магадгүй байна. Иймээс бид Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж, дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа. Мөн тухайн алба хаагчид анхаарал хандуулж, ажиллаж байна. Тухайн хугацаат цэргийн алба хаагч нь зодуулсны улмаас бэртэж, гэмтсэн гэх асуудал байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

-ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДАЖ БУЙ ЗАЛУУСААС 17 ТӨРЛИЙН ШАЛГАЛТ АВДАГ-

Хугацаат цэргийн алба хаагчийг цэргийн албанд татахдаа 17 төрлийн шалгалт авдаг байна. Тухайлбал, зүрх, мэс, арьс, шүд, нүд, чих, хоолой, мэдрэл, дотоод шүүрэл, сэтгэцийн эмгэг зэргийг нарийн мэргэжлийн эмч үзэж, цэргийн албанд тэнцэх эсэхийг шийддэг аж. Цаашлаад архи, тамхины хэрэглээ, буруу амьдралын хэв маяг зэрэг нь тэнцэхгүй байх шалтгаан болдог хэмээн тайлбарладаг. Харин өдгөө эрүүл гэж цэргийн албанд тэнцүүлсэн цэргийг "сэтгэц болон эрүүл мэнд муу байсан" хэмээн тайлбарлаж байгаа нь анхаарал татаж байна. Бид энэ асуудлыг үргэлжлүүлэн судалж, тал бүрийн байр суурийг хүргэх болно.

Сануулахад, өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 23-нд олон нийтийн сүлжээнд "Дотоодын цэргийн 05-р анги" гэсэн тайлбартай эрэгтэй хүмүүс нэгнээ зодож буй бичлэг нийтлэгдсэн. Энэ дагуу 30 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын хэсэг Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдаж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Ингээд Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Харин энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут, "Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Бидний зорилго бол ямар ч салбарт “дүрмийн бус харилцаа”-г тэвчихгүй байх явдал юм. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сахилга батын хяналтыг өндөржүүлэх ажлыг эрчимжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллах болно" гэж мэдэгдсэн билээ. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө