АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Кубад “хэтэрхий оройтохоос өмнө тохиролцоонд хүрэхийг” уриалж, Венесуэлийн газрын тос болон санхүүгийн урсгал тасалдана хэмээн анхааруулсан талаар BBC агентлаг мэдээлжээ.
Тэрээр энэ сарын 3 /2026.01.03/-нд АНУ-ын хүчин Венесуэлийн удирдагч Н.Мадурог онилсон Каракас дахь тусгай ажиллагааны дараагаас Кубад анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Учир нь Венесуэл нь Кубын олон жилийн холбоотон бөгөөд өдөрт ойролцоогоор 35 мянган баррель газрын тос нийлүүлдэг ажээ.
Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын анхааруулгад хариу өгч, улс орон нь “нэг талын албадлагын арга хэмжээнд захирагдахгүйгээр, хөндлөнгийн оролцоогүйгээр” шатахуун импортлох бүрэн эрхтэй хэмээн мэдэгджээ. Харин Кубын ерөнхийлөгч “Манай улсад юу хийхийг хэн ч заахгүй” гэжээ.
АНУ Венесуэлийн газрын тос тээвэрлэсэн танкеруудыг хураах бодлого баримталж эхэлснээр Кубад түлш, цахилгааны хомсдол улам даамжирч байгаа аж. Саяхан Венесуэлээс хоригт орсон газрын тос тээвэрлэж явсан тав дахь танкерыг хураан авсан талаар мэдээлсэн.
Д.Трамп ням гараг /2026.01.11/-т өөрийн Truth Social сүлжээндээ, “Куба олон жилийн турш Венесуэлийн газрын тос, мөнгөөр амьдарч ирсэн. Үүний хариуд Куба Венесуэлийн сүүлийн хоёр дарангуйлагчид "аюулгүй байдлын үйлчилгээ" үзүүлсэн. ГЭХДЭЭ ОДОО БОЛ ҮГҮЙ” гэж мэдэгдсэн.
Мөн тэрээр “Кубад дахиж газрын тос, мөнгө орохгүй-ТЭГ! Хэтэрхий оройтохоос өмнө хэлэлцээр хийхийг зөвлөж байна” хэмээн анхааруулсан боловч хэлэлцээрийн тодорхой нөхцөл болон хэрэгжих үр дагаврыг тайлбарлаагүй юм.
Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригесийн хэлснээр Куба нь “ямар ч улсыг шантаажлах, цэргийн албадлага үзүүлэх бодлого баримталдаггүй” бөгөөд аливаа улсаас сайн дурын үндсэн дээр түлш импортлох эрхтэй гэжээ.
Мөн Д.Трамп хар тамхины наймаа болон бусад гэмт хэрэгт буруутгагдаж буй Н.Мадуро болон түүний эхнэр Силия Флоресийг баривчлах ажиллагааны талаар дурдсан. Тэрээр, "Куба олон жилийн турш Н.Мадурод аюулгүй байдлын мэдээлэл өгч ирсэн" гэж мэдэгдсэн бол Кубын засгийн газар Каракаст АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр 32 Кубын иргэн амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм.
Д.Трамп үүний хариуд, “Венесуэл одоо дэлхийн хамгийн хүчирхэг цэргийн хүчин болох АНУ-ын хамгаалалтад байна, бид тэднийг хамгаална” гэжээ.
Харин Б.Родригес Куба “ямар ч улсад үзүүлсэн аюулгүй байдлын үйлчилгээнийхээ төлөө хэзээ ч мөнгөн болон материаллаг нөхөн төлбөр авч байгаагүй” гэж няцаасан байна. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн долоо хоногт Кубын удирдлагуудыг “санаа зовох ёстой” хэмээн мэдэгдэж, “тэд маш ноцтой асуудалтай тулгараад байна” гэжээ.
Сонирхуулахад, сүүлийн саруудад АНУ-ын тал Латин Америк дахь зүүний үзэлт удирдагчдад чиглэсэн хатуу бодлого баримталж, үйл ажиллагаагаа хар тамхины наймаатай тэмцэх шаардлагаар тайлбарлаж байгаа юм. Венесуэл руу хийсэн дайралтын дараа Д.Трамп Колумб руу чиглэсэн цэргийн ажиллагаа ч “сайхан сонсогдож байна” хэмээн мэдэгдэж, Ерөнхийлөгч Густаво Петрод нь анхааруулга өгсөн. Мөн Мексикээр дамжин хар тамхи АНУ-д орж ирж байгааг дурдан, картелуудтай тэмцэхийн тулд АНУ-ын цэргийг илгээх санал гаргасан ч Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум үүнийг эрс няцаасан юм.
АНУ, Кубын харилцаа 1959 онд Фидель Кастро АНУ-ын дэмжлэгтэй засгийг түлхэн унагаснаас хойш хурцадмал болсон. Б.Обамагийн үед харилцааг сайжруулах алхмууд хийгдсэн ч Д.Трампын засаг захиргаа тэдгээрийн ихэнхийг цуцалжээ. Тэрээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхдээ Кубыг терроризмыг ивээн тэтгэгч орны жагсаалтад дахин оруулсан юм.
Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел үүнд хариулахдаа, “Хүний амийг хүртэл бизнес болгодог хүмүүс Куба руу хуруугаа чиглүүлэх ёс суртахууны эрхгүй. Манай ард түмэн улс төрийн тогтолцоогоо өөрсдөө сонгох бүрэн эрхтэй” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC