“Улаанбаатар арена”-г 74 сая ам.доллараар барих шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэв. Ийнхүү төр хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөж, спорт цогцолбор хүртэл барьж, төрийн өмчит газар нэгээр нэмэгдэх гэж байгааг иргэд шүүмжилж байгаа. Тэгвэл Хан-Уул дүүргийн 8-р хороонд төр өөрийн хөрөнгөөр бариад ашиглалтад ч оролгүй “балгас” болоод үлдсэн спорт цогцолборыг бид энэ удаад сурвалжиллаа.
ВИДЕО:
-Х.БАТТУЛГА, С.БАТБОЛД НАРЫН ҮЕД ЭХЛҮҮЛСЭН ТӨСВИЙН 11 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРЬСАН СПОРТ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРООГҮЙ ГАШУУН ТУРШЛАГА БИДЭНД БИЙ-
“Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VII их наадам, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд спорт цогцолборыг барих ажлыг 2017 оноос эхлэн төлөвлөсөн. Ийнхүү тус наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2019 онд НИТХ-аас 65 дугаар тогтоол гаргаж "Улаанбаатар спорт менежмент" гэх төрийн өмчит хувьцаат компанийг байгуулсан байдаг. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Хотын даргаар С.Амарсайхан, С.Батболд, Д.Сумъяабазар нарын хүмүүс ажиллаж байв. Улмаар Хан-уул дүүргийн 8-р хороонд төсвийн 11.9 тэрбум төгрөгийг шингээсэн барилгын ажлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын 14-нд шавыг нь тавьж байлаа.

Гэвч энэхүү барилга 2022 онд ашиглалтад орох байсан ч ороогүй. Учир нь хариуцаж байсан удирдлагуудыг нь АТГ-аас шалгаж эхэлснээр 2022 оны арваннэгдүгээр сард барилгын ажил бүрэн зогссон юм.
Эл асуудал өдгөө АТГ дээр гацсан байгаа гэхээс өөр мэдээлэлгүй байна. Улмаар биднийг барилга дээр очиход дээвэр нь нурж, балгас мэт болжээ. Харуул, хамгаалалт ч гэж байдаггүй бололтой. Гэтэл энэ спорт цогцолбортой яг нэг өдөр шавыг тавьж, хувийн хэвшлийн барьж байгуулсан “Steppe arena” буюу Мөсөн өргөө хугацаандаа ашиглалтад орж, нийслэлчүүдийн өмнөө барьдаг спорт цогцолбор болоод байгаа. Тэгэхээр төр болон хувийн хэвшил спорт цогцолбор барих нь ийнхүү тэнгэр, газар шиг ялгаатай байдаг байх нь.

-СПОРТ ЦОГЦОЛБОР, СОЁЛЫН ТӨВ, ХӨШӨӨ ДУРСГАЛ БАРИХ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР Ч ҮР АШИГГҮЙД ТООЦОГДДОГ-
Түүнчлэн соёлын ордон, спорт цогцолбор, хөшөө дурсгалыг улс орны эдийн засагт ямар ч үр өгөөжгүй гэж эдийн засагчид үздэг бөгөөд энэ салбарыг хувийн хэвшлийнхэн хөгжүүлэх ёстой гэдэг. Хувийн хэвшлийнхний барьсан “UG arena”, “Steppe arena” болон төрийн өмчит “Буянт ухаа” спортын ордноос харвал өдгөө төр болон хувийн хэвшлийн бизнесийн ялгааг олж харах биз. Харин 74 сая ам.доллараар барих гэж байгаа Улаанбаатар арена спорт цогцолбор нь 3000-5000 хүний суудалтай, 20.000-35.000 ам.метр талбайтай, жилд 150-200 арга хэмжээ зохион байгуулж, 200.000-300.000 үзэгч татна, эдийн засгийн хувьд жил бүр 15-26 сая ам.долларын орлого олно тооцоолсон байна. Нийт 74 сая ам.долларын санхүүжилттэй.

Гэтэл өнгөрсөн жил 40 их наяд, энэ жил 45 их наяд болох өрийн тооцоололтой байгаа Засгийн газар дахин спорт цогцолбор барих гэж байгаа нь магадгүй бид бүхний сурвалжилсан энэ ордон шиг төр барьсан бол балгас болоод үлддэг жишээ давтагдах вий гэсэн үүднээс бид бүхэн энэ удаагийнхаа сурвалжилгыг бэлтгэлээ.

