Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд, Монгол Улсын иргэдтэй бүлэглэн цахим орчин ашиглаж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж их хэмжээний ашиг олсон байж болзошгүй хууль бус үйлдлийг илрүүлжээ.
ВИДЕО:
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр БНСУ-ын гурав, Монгол Улсын зургаан нийт есөн иргэнийг дайчлан баривчилсан байна. Мөрдөн шалгах ажиллагаагааг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр явуулж хэргийн холбогдогч нарын байрлаж байсан орон байрнаас олон тооны гар утас, өндөр хүчин чадал бүхий компьютерүүд, банкны карт, хадгаламжийн дэвтэр, олон улсын гүйлгээ хийх васко төхөөрөмж, гадаад улсын болон үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон.
Цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын мэдүүлэгт үндэслэн холбогдогч нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 /мөрийтэй тоглоом зохион байгуулах/, 18.3 /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 /мөнгө угаах/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогч хэрэгслээ ашиглуулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17, 20.18, 20.19 дүгээр зүйл хэсгүүдэд заасан гэмт хэрэг ба 1-3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэлтэй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.