Насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундааны зүйл худалдсан гэх иргэний мэдээллийн дагуу дүүргийн Цагдаагийн газрын хэлтсийн алба хаагчид 2025 оны дөрөвдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хороонд үйл ажиллагаа явуулдаг СU-н салбарт очиж, 21 насанд хүрээгүй Ө-д согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан үйлдлийг илрүүлж хуулийн этгээдийг торгох, тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгджээ.
Тус салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг А.М нь торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс 2,5 сая төгрөгийн хахууль өгч, цагдаагийн алба хаагчид хахууль авсан хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х Э.Э, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.Х, Э.Э нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.