Цахим сүлжээнд "Цүнх Мөнхөө" гэх хаягаас бичлэг хийдэг иргэн н.Мөнхөөг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, "Цүнх Мөнхөө" гэх иргэн нь нэр бүхий зочид буудалд архидан согтуурч, улмаар бусдын биед халдаж, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийг зүй бус үг хэллэгээр хэлж, доромжилж буйгаа бичлэг болгон цацсан байдаг. Ингэхдээ тэрбээр цагдаагийн алба хаагчдыг хийх ажилгүй ...-ууд, ядарсан төрийн алба хаагч учраас мөнгө авах уу гэхчлэнгээр доромжилсон байдаг. Улмаар "Цүнх Мөнхөө" гэж танигдсан иргэнийг Эрүүгийн хуульд зааснаар бусдын биед халдсан, Зөрчлийн хуульд зааснаар албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй хэмээн шалгаж эхлээд байсан юм.
Тэгвэл "Цүнх Мөнхөө" гэх иргэнд холбогдох зөрчлийн хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд н.Мөнхөөг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй хэмээн үзэж, түүнд 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.