Бид энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэхээр Төв аймгийн Эрдэнэ сумын малчин А.Батболдынхийг зорилоо. Учир нь түүний гэр бүл 2023 оноос хойш малчин айлын дэргэдэх гэр түрээсийн үйлчилгээ үзүүлж буй.
ВИДЕО:
Уламжлалт мал аж ахуйг хүүхэд багачуудад танилцуулах, зааж сургах үндсэн зорилго бүхий энэ төрлийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд эрчээ авч байгаа. Гэхдээ өвлийн улиралд малчин айлууд юу хийдэг, ямар амьдралын хэв маягтай байдаг, өвлийн мал аж ахуйн онцлогийг харуулах энэ төрлийн үйлчилгээ цөөхөн. Харин А.Батболдынх бараг л жилийн дөрвөн улиралд энэ үйлчилгээгээ үзүүлэх болсон байна.
Бид Улаанбаатар хотоос 100 километр замыг засмал зам, 15 километр замыг шороон замаар туулсаар зорьсон айлдаа хүрлээ. Малчдын амьдрал өглөө эрт эхэлдэг нь жам ёс хойно. Бид нарны туяа хананы толгойд тусахтай зэрэгцэн очиход тэдний амьдрал хэдийн эхэлсэн байв. “Морьтой сайхан явж байна даа, дүү нар” хэмээн тас тас инээх бүсгүй цайгаа саванд хийнэ. Энэ бүсгүй бол гэргий Ж.Эрдэнэцэцэг.
Ингээд бид цай ууж, цөөн хэдэн минут хөөрөлдсөн юм. А.Батболд бол Архангай аймгийн Хотонт сумын уугуул. Харин түүний гэргий Ж.Эрдэнэцэцэг Өвөрхангай аймгийн уугуул. Хөрш, зэргэлдээ нутгийн залуус үерхэж, нөхөрлөсөөр 2006 онд гэр бүл болжээ. Улмаар 2010 онд Төв аймгийн Эрдэнэ сум руу нүүжээ. Энэ үед 200 толгой малтайгаар ахуйгаа дахин эхлүүлсэн тэд өдгөө Төв аймгийн мянгат малчин өрх болжээ.

Ж.Эрдэнэцэцэг “Хүн тууштай хөдөлмөрлөж байхад л бүтэж болдог юм байна. Өвөг дээдсээсээ өвлөн ирсэн малч ахуйгаа үргэлжлүүлж байгаадаа талархаж, сэтгэл хангалуун амьдардаг. Уламжлалт мал аж ахуй минь үнэхээр сайхан. Мал дагасан хүн ам тосдоно гэдэг дээ” хэмээлээ.
Харин А.Батболд “Зах зээлдээ жаахан ойртоё гээд энэ нутгийг зорьсон. Энэ сайхан нутагт ирээд аж амьдрал минь дээшилж, дэвжээд сайхан амьдарч байна. Эрдэнэ сумын малчин өрхүүд маань ч сайхан хүмүүс бий. Биднийг сайхан хүлээж авсан” гэлээ.
Хэдийгээр гурван ес эхэлж байгаа ч А.Батболдын хотонд шинэ оны анхны төл мэндэлжээ. Хотоос ирсэн амрагч хүүхдүүдэд өчигдөрхөн төрсөн шинэ тугал сонирхолтой байх нь мэдээж. “Тугал харья” хэмээн хүүхдүүд гүйлдэж байлаа.

Амрагч хүүхдүүд “Бид энэ айлд ирээд Улаанаа гэдэг нэртэй чихэр идэх дуртай хонь харсан.” гэж хэлэв. Ийм олон хонь, үхрийг анх удаа харж байна. Үнэхээр сонирхолтой байна. Дөнгөж төрсөн нялх тугал ёстой хөөрхөн юм байна. Аав, ээж хөдөө явъя гэхэд их уйтгартай санагдаж байсан ч одоо бодол өөрчлөгдөж байна. Гэтэл үнэхээр гоё байна. Тугал хашиж үзсэн. Хөдөөний малчин хүмүүс үнэхээр завгүй, байнга ажил хийж байдаг юм” гэсэн юм.
Энэ тухай А.Батболд “Өнгөрсөн өвөл цас, зуд багатай сайхан өвөл болсон. Хавар ч бас дажгүй сайхан байсан. Тэгээд манай бухнууд баяртай ондоо орж, үнээнүүд маань эрт буханд гарсан. Энэ утгаараа шинэ оны төл эрт гарах шинжтэй байна. Ер нь тэгээд удахгүй малчдын хаврын нөр их ажил болох мал төллөнө гэв.
Ингээд малаа бэлчээрт гаргах, услах зэрэг малчдын нэг өглөө эхэллээ. Мянган малын хажуугаар гэр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг нь тэднийг хэр хөдөлмөрч өрх вэ гэдгийг тодорхой харуулна. Цаашлаад малын хашаа, хороо цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байгаа нь цаанаа л өөр.
2023 онд Ж.Энхцэцэгт түүний дотнын найз болон дүү нь малчин айлын дэргэдэх гэр түрээсийн үйлчилгээ хэрэгтэй байгаа тухайгаа ярьсан нь түүний бизнесийн эхлэл болжээ. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх, олон хүнтэй харилцаа тогтоох зэрэг түүнд олон шинэ боломж байгаа мэт санагдаж, анхны гэрээ барьжээ. Ингээд цэвэр агаарт, мал аж ахуйг харж, мэдрэх хүсэлтэй хүмүүсийн захиалгад Ж.Энхцэцэг дарагджээ. Улмаар 2024 онд гурван гэр, 2025 онд таван гэр нэмж түрээсийн үйлчилгээгээ өргөжүүлжээ. Түүний энэ бизнесийг зөвхөн гэр түрээсийн үйлчилгээ гэж ойлгож болохгүй. Өдөр бүр шинэ тараг, өрөм, сүүгээр зочидоо дайлдаг. Мөн уламжлалт сүү, цагаан идээ хэрхэн хийх, үнээ саах гээд сурч болох бүхнийг зааж, зөвлөдөг байна.
Ж.Эрдэнэцэцэг “Манайхыг зорьж байгаа хүмүүс ихэвчлэн долоо хоногоор амардаг. Бага насны хүүхэдтэй хүмүүс цэвэр агаарт цахим хэрэглээгээ хязгаарлах зорилгоор ирдэг. Аргалын гал дээр хүүхдүүддээ хоол цай хийж өгөх ямар гоё юм бэ гэж хэлэхэд би урам авдаг. Тийм учраас би үнэтэй байлгахыг хүсдэггүй. Хоосон гэрийг хоногоор түрээслэхэд 300 мянган төгрөг байдаг шүү дээ. Харин би долоо хоногт 250 мянган төгрөг өгөөрэй. Тэгээд малчид юу хийдэг тэр бүгдийг хийж, туршиж үзэж болно шүү гэж хэлдэг. Үнэхээр мундаг хөдөлмөрч хүмүүс бий. Долоо хоногт надаар заалгаад өөрийн гараар сүү, сүүн бүтээгдэхүүн хийж аваад явдаг хүмүүс ч бий. Анх 2023 онд амрагчид үнээ сааж үзэх гэхэд ойртуулдаг үнээ байдаггүй байлаа. Одоо үнээнүүд маань хүртэл амрагчид ирдэг гэдэгт дасчихаж” гэлээ.
Харин өнгөрсөн арав дугаар сараас анхны цас орсны дараа А.Батболдынх өвлийн улиралд амрагчидаа авч эхэлжээ. Гэхдээ эхний өвөл байсан учир ганц гэр бариад амрагчдаа авч эхэлсэн байна. Энэ нь амжилттай болсон тухай тэд ярилаа. Ялангуяа, сурагчдын амралтын үеэр гэр бүлээрээ амрах хүсэлтэй иргэдийн захиалга ирэх зун хүртэл дүүрэн байна.
Энэ тухай А.Батболд “Өвөл хүмүүс ирж амрах болов уу гэсэн айдас бага зэрэг байсан. Гэсэн хэдий ч өнгөрсөн аравдугаар сараас хойш амрагчдын хөл тасраагүй. Өвөл цэвэр агаарт чаргаар гулгаж, тархиа амраахыг хүссэн хүмүүс их байдаг юм байна. Цаашлаад мал төллөх үеэр очиж хармаар байна гэсэн захиалга хүртэл их байгаа. Манай гэр бүлийн хүн бид хоёрын хувьд ирэх зун дахин таван гэр барина. Мал аж ахуйгаа ч бодох хэрэгтэй шүү дээ. Амрагч ирэх үед бид маш хариуцлагатай байх хэрэгтэй болдог. Тэднийнхээ ус, түлээ, мод зэргийг бэлдэнэ. Зарим үед захиалгаар хорхог хүртэл хийдэг. Мөн танихгүй хүмүүс авчирчихаад хаяад айл хэсээд явж болохгүй шүү дээ. Цаашлаад гол агуулга нь малчдын амьдралтай танилцуулах явдал юм. Иймд таваас илүү гэр барих нь зохимжгүй гэж үздэг” гэсэн юм.
Ж.Эрдэнэцэцэг “Бидний амьдралын хэв маяг улам хотжихийн хирээр хонь, ямаагаа ялгахгүй хүүхэд хүртэл их байдаг болжээ. Эгчээ аль нь ямаа юм бэ гээд асуугаад ирсэн хүүхэд малын толгой эргүүлэхтэй болоод буцаж байгааг харах хамгийн сайхан. Энэ л миний зорилго. Бид уламжлалт мал аж ахуйгаа үргэлжлүүлэх ёстой гэж боддог. Иймд, тэднийг мэдэхгүй гэж зэмлэх бус мэдэх, сурах боломжийг нь олгох хэрэгтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд уламжлалт мал аж ахуйгаа өгүүлж буй хүмүүс нэмэгдэж байгаа санагддаг” гэлээ.
