Хойд Атлантын болон Карибын тэнгист АНУ-ын дараалан явуулсан ажиллагааны хүрээнд Венесуэлийн газрын тосны экспорттой холбоотой хоёр танкер хураан авснаа мэдэгджээ.
АНУ-ын тал Исланд, Шотландын хоорондох усан замаар явж байсан Оросын далбаатай Маринера танкерийг бараг хоёр долоо хоногийн турш мөрдөний дараа уг хөлөг онгоцыг хяналтдаа авсан байна. Уг ажиллагаанд Их Британийн Хааны тэнгисийн цэргийн хүчин агаарын дэмжлэг үзүүлжээ. Мөн АНУ хоёр дахь танкер болох M/T Sophia хөлөг онгоцыг “хууль бус үйл ажиллагаа явуулсан” хэмээн буруутгаж, Карибын тэнгист саатуулсан байна.
Эдгээр алхамууд нь Венесуэлийн түүхий газрын тосны экспортын ихэнхийг АНУ зогсоох зорилготой байгаатай холбоотой бөгөөд Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадурог Каракаст дахь гэрт нь баривчилсан тусгай ажиллагаанаас хэдхэн хоногийн дараа болж байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет X хуудастаа. “Хоригт орсон, Венесуэлийн хууль бус газрын тосыг хаах ажиллагаа дэлхийн хаана ч бүрэн үр дүнтэй хэвээр байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тэгвэл Оросын далбаатай танкерийг АНУ хураан авсныг ОХУ-ын тал эрс буруушааж, уг хөлөг онгоц болон түүний багийнхныг яаралтай эх оронд нь буцаахыг шаарджээ. ОХУ-ын Тээврийн яам тухайн хөлөг онгоцонд Оросын далбаа хэрэглэх “түр зөвшөөрөл” олгосон бөгөөд аливаа улс өөр улсын харьяалалд хууль ёсоор бүртгэлтэй хөлөг онгоцны эсрэг хүч хэрэглэх эрхгүй гэж мэдэгдсэн байна.
Зарим эх сурвалжууд, "Оросын тал уг хөлөг онгоцыг хамгаалахаар шумбагч онгоц илгээсэн ч АНУ-ын хүчин ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр танкерыг хяналтдаа авч чадсан" гэжээ. АНУ-ын тал уг хөлөг онгоцыг “хуурамч далбаа тул улсгүйд тооцож, АНУ-ын шүүхийн шийдвэр гарсан тул Венесуэлийн сүүдрийн флотын хөлөг” хэмээн тодорхойлсон байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио "Венесуэлийн удирдлага Карибын тэнгист хураагдсан хоёр дахь танкерын асуудлаар АНУ-тай хамтран ажиллаж байгаа" хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр, “Газрын тос тээвэрлэж, орлого олж, эдийн засгийн уналтаас зайлсхийх цорын ганц зам нь АНУ-тай хамтран ажиллах гэдгийг тэд ойлгож байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, "Венесуэл улс дэлхийн хамгийн том батлагдсан газрын тосны нөөцтэй улс бөгөөд АНУ-д 2.8 тэрбум ам.долларын үнэ бүхий 50 сая баррель газрын тос өгнө" хэмээн мэдэгдээд байгаа юм.
Венесуэлд явуулж буй ажиллагааны талаар Конгрессын гишүүдэд өчигдөр /2026.01.07/ танилцуулга хийсэн бөгөөд энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, "АНУ Венесуэлийн газрын тосыг зах зээлийн ханшаар борлуулж, орлогыг Венесуэлийн ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн хуваарилахыг хянана" гэж хэлжээ. Тэрээр АНУ Венесуэлийн ирээдүйн талаар нарийвчилсан төлөвлөгөө байгаа бөгөөд энэ нь санамсаргүй алхам биш гэдгийг онцолсон байна.
Гэсэн ч энэхүү газрын тосны асуудал нь АНУ-ын хууль тогтоогчдын дунд хурц маргаан үүсгэж байгаа аж. Сенатын олонхийн удирдагч Чак Шумер Венесуэлд хэдэн америк цэрэг оролцох, уг ажиллагаанд хэр хэмжээний зардал гарах талаар тодорхой хариулт шаардлагатай гэж мэдэгджээ. Харин АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүд ерөнхийдөө засаг захиргааны бүс нутгийн бодлогыг дэмжиж байгаа ч конгрессын оролцооны талаар зарим нь санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Сенат ирэх долоо хоногт Венесуэл дэх цэргийн ажиллагааг үргэлжлүүлэхийг хориглох тогтоолын талаар санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа аж. Харин сүүлийн жилүүдэд Венесуэлийн газрын тосны хамгийн том худалдан авагч болоод байсан Хятад улс АНУ-ыг буруушааж, дэлхийн эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC