2023 оны аравдугаар сараас хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг ажиллуулж байгаад саяхан чөлөөлсөн.
Түүнийг түр ажиллуулж байгаад Н.Цэрэнбатыг жинхэнэ захирлаар томилох тухай мэдээлэл өнгөрсөн хоёр жил яригдсан ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулснаар улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, дээрх мэдээлэл замхарсан юм. Харин Г.Занданшатар Ерөнхий сайд болсон даруйдаа Х.Мөнхжаргалыг чөлөөлж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томилж, онцгой дэглэмийн хугацаа дуусангуут тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна.
Гэсэн хэдий ч тун удалгүй түүнийг мөн чөлөөлж гүйцэтгэх захирлыг томилно гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаад удаж байна. Өнгөрсөн хугацаанд тус компанийн захирлаар томилох хүмүүсийн нэр олон удаа солигдож, янз бүрийн холио солио хийж байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баярсайханыг томилох тухай мэдээлэл хөврөв.
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргад Д.Баярсайханыг нэр дэвшүүлж, УИХ-аар томилуулж байжээ.
Түүний Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллах бүрэн эрхийн хугацаа 2024 онд дууссан бөгөөд одоо тэрбээр ямар эрхэлсэн ажилтай байгаа нь тодорхойгүй байгаа юм. Д.Баярсайхан нь 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ, ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга, 2019 оноос Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлыг томилоход ТУЗ шийдвэр гаргадаг ч улс төрийн чиглэлд авдаг нь няцааж болохгүй үнэн юм. Тус компани нь нүүрсний хэргээр яллагдсан Б.Ганхуягаас хойш гүйцэтгэх захирал томилолгүй БЭТ, үүрэг гүйцэтгэгч ажиллуулж иржээ.