Ираны нийслэл болон бусад олон хотод өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж эхлээд байна. Зарим ажиглагчдын үзэж буйгаар, энэ нь Ираны дэглэмийг эсэргүүцсэн сүүлийн жилүүдэд болсон хамгийн том, хамгийн ширүүн эсэргүүцлийн жагсаалд тооцогдож байгаа ажээ.
ВИДЕО:
Тухайлбал, өчигдөр /2026.01.08/ орой Ираны нийслэл Тегеран болон тус улсын хоёр дахь том хот болох Машхад хотод маш олон мянган хүнийг хамарсан жагсаалууд болсон байна. Харин уг жагсаалыг Ираны аюулгүй байдлын хүчнийхэн тараагаагүй байна. Гэсэн хэдий ч энэхүү жагсаалын үеэр Ираны хуулийн байгууллагууд улс даяар интернет тасалсан гэж мэдээлжээ.
Зарим жагсагчид Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг огцрохыг шаардаж, Ираны сүүлчийн шахын хүү, цөллөгт амьдарч буй Реза Пахлавиг эх орондоо эргэн ирэхийг уриалж байгаа аж. Учир нь тэрээр дэмжигчдээ гудамжинд гарч, нэгдсэн фронт болж дуу хоолойгоо хүргэхийг уриалсан ажээ.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, Ираны мөнгөн тэмдэгтийн ханшийн огцом уналтаас үүдэлтэй уг жагсаал 12 дахь өдрөө үргэлжилж, 31 мужийн 100 гаруй хот, суурин газрыг хамраад байгаа аж.
АНУ-д төвтэй Хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээллийн агентлагийн мэдээлэлд, "уг жагсаалын үеэр дор хаяж 34 жагсагч, найман аюулгүй байдлын ажилтан амиа алдаж, 2270 хүн баривчлагдсан" гэжээ. Харин Норвегид төвтэй Ираны хүний эрхийн хяналтын байгууллага аюулгүй байдлын хүчнийхний гарт дор хаяж 45 жагсагч, тэдний дунд найман хүүхэд амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна. Харин Ираны эрх баригчид зургаан аюулгүй байдлын ажилтан нас барсан гэж мэдээлжээ.
Өчигдөр /2026.01.08/ орой нийтлэгдсэн бичлэгүүдэд Машхад хотын томоохон замаар олон мянган жагсагч алхаж, “Шах урт насална”, “Энэ бол эцсийн тулаан. Пахлави эргэн ирнэ” хэмээн хашхирч буй нь харагдах ажээ. Зарим хүмүүс гүүрэн гарц дээр гарч, хяналтын камерыг авч хаяж буй нь бичигдсэн байна. Түүнчлэн Тегераны зүүн хэсэгт олон зуун хүн гол замаар жагсаж, харин хотын хойд хэсэгт цөөн тооны хүмүүс “Шах урт насална”, “Дарангуйлагчид үхэл” хэмээн уриалж, Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг шууд нэрлэн эсэргүүцжээ. Хойд хэсгийн Бабол хотын төв талбайд мөн ижил уриа дуулдсан байна.
Эдгээр үйл явдал нь 1979 оны Исламын хувьсгалаар эцэг нь эрх мэдлээсээ түлхэн унагдсан Реза Пахлави Иранчуудыг “гудамжинд гарч, нэгдсэн байдлаар шаардлагаа илэрхийлэх”-ийг уриалснаас хойш удалгүй өрнөжээ. Гэсэн ч Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцлийн цар хүрээг багасган мэдээлж, зарим тохиолдолд бүрмөсөн үгүйсгэн, хоосон гудамжны бичлэг нийтэлсэн байна.
Тэгвэл Лхагва гараг /2026.01.07/-т баруун Ираны хэд хэдэн хот, бүс нутагт жагсагчид болон аюулгүй байдлын хүчний хооронд ширүүн мөргөлдөөн гарсан байна. Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, энэ өдөр үймээн самууны хамгийн их хохиролтой өдөр болж, улс даяар 13 жагсагч амь үрэгдсэн нь батлагджээ.
Баримтуудаас харахад дарангуйллын цар хүрээ өдөр ирэх тусам улам ширүүсч, өргөжин тэлж байгааг харуулж байна” хэмээн IHR-ийн захирал Махмуд Амири-Могаддам мэдэгдсэн байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Лхагва гараг /2026.01.07/-ийн орой Гилан мужийн Хошк-е Бижар хотод Ираны аюулгүй байдлын хүчнийхэн хоёр жагсагчийг буудан хөнөөжээ.
Тэгвэл өчигдөр /2026.01.08/ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эрх баригчид жагсагчдыг хөнөөсөн тохиолдолд цэргийн хүчээр хариу арга хэмжээ авах болно гэдгээ дахин анхааруулсан байна. Тэрээр "Хью Хьюитт"-ийн радио шоунд өгсөн ярилцлагадаа “Хэрэв тэд хүмүүсийг алж эхэлбэл, бид маш хатуу цохилт өгнө гэдгийг би тэдэнд сануулсан” гэжээ.
Харин Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан аюулгүй байдлын хүчнийг тайван жагсаалыг зохицуулахдаа “хамгийн их биеэ барих”-ыг уриалж, “ямар ч төрлийн хүчирхийлэл, албадлагын үйлдлээс зайлсхийх”-ийг шаардсан байна. Иранд эцсийн эрх мэдэлтэй Аятолла Али Хаменеи саяхан эрх баригчид жагсагчидтай яриа хэлэлцээ хийх ёстой хэмээн мэдэгдсэн ч жагсагчдын талаар хатуу байр суурь илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC