Д.Цэрэнханд: Улсын наадам, "Нүүдэлчин" фестивалд оролцуулахаар сургаж байсан "Монгол банхар"-аа алдсан тул цагдаад хандсан

Д.Цэрэнханд: Улсын наадам, "Нүүдэлчин" фестивалд оролцуулахаар сургаж байсан "Монгол банхар"-аа алдсан тул цагдаад хандсан

Монгол үндэсний нохой гэж тооцогддог “Монгол банхар” нь Үндэсний их баяр наадам, "Нүүдэлчин" фестиваль зэрэг дотоод, гадаадын баярт оролцож, үндэсний соёлоо сурталчилдаг уламжлалтай. Үндэсний их баяр наадамд гэхэд удмын бичигтэй, сайн үйлдвэрийн нохойтой учир “Монгол банхар судлалын холбоо”-ны “Монгол банхар”-ууд оролцдог.

ВИДЕО:

Тэгвэл тус холбооны тэргүүн Д.Цэрэнханд энэ жилийн наадамд оролцуулахаар төлөвлөж байсан “Монгол арслан Баргил” гэх нохойгоо хулгайд алдсан байж болзошгүй байна. Иймд түүний “Монгол арслан Баргил” болон бусад зүйлсийн талаар цөөн хэдэн хором ярилцлаа.

“МОНГОЛ АРСЛАН БАРГИЛ БОЛ УДМЫН БИЧИГТЭЙ, МИКРО ЧИПТЭЙ НОХОЙ БАЙСАН"

-Танай холбоо болон таны үүсгэн байгуулсан үржүүлгийн газрын талаар иргэд олон нийт багагүй сайн мэднэ. Тиймээс алга болсон гэх таны банхарын тухай яриагаа эхлэе.

-Энэ алга болсон гэх банхарыг “Монгол арслан Баргил” гэдэг. Энэ нохой маань энэ сарын 1-2нд шилжих шөнө алга болсон. Хар нялхаас нь хайрлаж, тэжээж байсан залуу нохой маань алга болсонд маш их харамсаж байна. Өнгөрсөн жилийн гөлөг. Одоо нэг настай. Гэхдээ би ирээдүйд үзэсгэлэн, тэмцээн, уралдаанд оролцуулахаар төлөвлөж байлаа. Монгол нохойгоо сурталчлах, өв соёлоо сурталчлах энэ ажилдаа ашиглахаар бүүр тусгайлан бэлдэж байсан. Мөн энэ жилийн наадамд хөтөлж, авч орохоор төлөвлөсөн байлаа. “Монгол арслан Баргил” маань хамгийн гоё өнгө зүстэй, бие хаатай нохой минь учир энэ бүхэнд төлөвлөж, тусгайлан VIP тэжээж байсан. Мөн “Монгол арслан Баргил” маань Монголын нохой судлалын холбооны удмын бичигтэй, микро чиптэй нохой. Микро чип гэдэг нь 16 оронтой, дахин давтагдашгүй кодтой. Энэ чипийг арьсан доор нь суулгасан байдаг. Гэхдээ олдоно гэдэгт итгэлтэй байгаа. Заавал олно.

“НОХОЙГ ЧИНЬ ХААНААС ОЛНО ОО ГЭЖ ЦАГДАА АСУУСНААР БИ ӨӨРӨӨ ХАЙХ БОЛСОН"

-Хуулийн дагуу бол 24 цагийн дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлэх учиртай. Та цагдаагийн байгууллагад хандсан байх.

-Тийм ээ. Тухайн аймаг орон нутгийнхаа цагдаад тэмдэглүүлж, бүртгүүлчихсэн. Үндэсний нохой бол бидний хувьд маш үнэ цэнтэй зүйл. Үндэсний наадамд оролцдог хурдан морь маш өндөр үнэтэй байдаг шүү дээ. Түүнтэй л ижил. Харин цагдаагийн байгууллагат бүртгүүлэх үед цагдаа нар “Нохойг чинь хаанаас олно оо” гэж хэлж байгаа юм. Гэхдээ би хуулийнхаа хүрээнд бүртгүүлсэн ч өөрөө л хайх хэрэгтэй болж байна.

"АЛДСАН ХҮН АРВАН ТАМТАЙ"

-Бид цагдаагийн байгууллага тогтоогоогүй байхад хулгайч авчисан гэж дүгнэх нь мэдээж өрөөсгөл болно. Та яагаад хулгайч авсан гэж үзэж байгаа вэ?

-Тийм ээ. Магадгүй манай нохойг хулгайлаагүй байж мэднэ. Учир нь шинэ жилийн үеэр их дуугарсан салютны чимээнээс айгаад гараад гүйчихсэн байж магадгүй юм. Учир нь шинэ жилийн үеэр манай ойролцоох амралтын газруудад амрагчид их байсан. Гэхдээ монгол нохой орон зайг баримжаалах чадвар маш сайтай. Одоогоос 10-20 жилийн өмнө бид орон нутгаас нохой авчирдаг байсан. Тухайн үед буцаад нутагруугаа гүйчихдэг тохиолдол ч гарч байлаа. Харин манай нохой хашаанаасаа гарч явлаа гэж бодоход цөөн хэдэн километр газар бол гэрээ олно. Аль хэдийн олоод ирэх буюу 2-3 хоногийн хугацаа өнгөрчихсөн. Иймд л хулгайч авсан байх гэдэг таамаг дэвшүүлээд байгаа юм. Алдсан хүн арван тамтай гэдэг шүү дээ.

-Нохой хулгайлах асуудал одоо ч байгаа нь харагдаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Одоогоос 10 орчим жилийн өмнө нохойн хулгай маш их, замбараагүй байсан. Харин одоо энэ асуудал маш өөр болсон. Нохой бол хүний үнэтэй эд хөрөнгө, найз гэдгийг олон нийт ойлгодог болсон. Гэхдээ мэр сэр байсаар байна. Харин нохойг бүртгэлжүүлж, чип суулгаж байгаа учир энэ асуудал цагийн эрхээр огт байхгүй болно гэдэгт итгэдэг. Өмнө нь бүүр айлын хашааны хаалгыг таглаж, орхиод дээрэмддэг гэх яриа ч бий. Нохойн хулгай гэдэг бол хүний эд хөрөнгө, малын хулгайгаас ялгаагүй.

-Таны алга болсон нохой дотоод, гадаадын тэмцээн уралдаанд орох байсан гэж бодохоор зах зээлийн үнэлгээ өндөр байх.

-Нохойны үнэ цэнийг тооцоход олон шалгуур үзүүлэлт бий. Жишээлбэл, олон үзэсгэлэн тэмцээнд амжилттай оролцсон нохой хэдэн арван саяар үнэлэгдэж болно. Дэлхийн зах зээл дээр нохой маш үнэтэй. Тийм ч учраас бид Монгол нохойгоо олон улсад сурталчилж, таниулахыг хичээж байна. Тэгэхээр яг л энэ олон улсын үзэсгэлэн тэмцээн дээр тэр үнэтэй нохойнуудыг ялж тэднийгээс илүү гарч байгаа нохойнууд гэдэг чинь тэр хэрээрээ маш өндөр үнэ цэнтэй гэсэн үг.

-Таны энэ үржүүлгийн хашаанд одоо хэдэн нохой байна вэ. Аль нохой нь Улсын их баяр наадамд хамгийн их оролцсон бол.

-Манай үржлийн газрын хувьд бол одоо хамгийн бага нь нэг сар нэг хоногтой гөлөг байна. Харин хамгийн хөгшин нохой нь бол манай Монгол улсын их аварга Галсан цагаадай гэх нохой байна. Одоо 12 настай. Монгол нохойны нэг онцлог бол 15-20 жил насалдаг. Одоо 12 настай хэдий ч хөгшин шинжгүй, залуугаараа л сайхан байгаа. Манай Монгол улсын аварга Бавлаг гээд бас нэг нохой бий. Энэ нохой маань төрийн наадмын нээлтэд нүүдэлчидтэйгээ гурван удаа оролцож байна.

-Хулгайн нохой болон зөвшөөрөлгүй үржүүлгийн газруудын асуудлыг цэгцлэх ёстой хууль нь 2023 оны 12-р сард батлагдсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль мөн. Энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ?

-Үндэсний уугуул үүлдрийн нохой болох Монгол банхар нь Монгол анч,  Тайга нохой гэж хоёр хуваагдана. Эдгээр нохойнуудаа олон улсад бүртгүүлэх ажлыг эрчимтэй сүүлийн жилүүдэд явуулж байгаа. 2026 ондоо энэ ажлууд маань биеллээ олж, Монгол нохойгоо яг албан ёсоор үүлдэр болгож батлуулна гэсэн зорилготой байгаа. Харин гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдаад 2 жил болж байна. Гэхдээ Мал эмнэлгийн ерөнхий газар дээр хуулийг дагасан журам удахгүй батлагдах байх. Одоо ажлын хэсгийн боловсруулалт үргэлжлээд явж байгаа бололтой. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдаад хэрэгжвэл сайн талууд бий. Гэхдээ манай хууль болон журам болон журамд Монголд яг тийм нэг хэрэгжих боломжгүй заалт нөхцөлүүд их байдаг. Энэ хууль ч бас учир дутагдалтай талууд ч бий.

-Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө