УИХ-аар "чимээгүй" баталсан "Монголын Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээр"-т В.Путин гарын үсэг зуржээ

УИХ-аар "чимээгүй" баталсан "Монголын Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээр"-т В.Путин гарын үсэг зуржээ

Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/-той түр гэрээ байгуулах асуудлыг эрх баригчид шахаж, үйлдвэрлэл эрхлэгчид сүүлийн нэг жил гаруйн хугацаанд эсэргүүцсэн. Харин энэ сарын 12 /2025.12.12/-ны өдөр парламентаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах хуулийг төслийг хэлэлцээд, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар "чимээгүй" баталсан юм.

Оросын ерөнхийлөгч В.Путины дэмжлэг, санаачлагаар 2014 онд байгуулагдсан ЕАЭЗХ-той түр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Монгол Улс 367 нэр төрлийн барааг тус холбооны гишүүн Орос, Беларусь, Казахстан, Киргизстан, Армени гэсэн таван орон руу гаалийн татваргүй экспортлох боломжтой болно гэж байгаа ч, үнэндээ тус холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар Монгол Улсын ДНБ-ийн өсөлт 6.1 орчим хувиар буурах тооцоо гарсан байдаг. 

Тэгвэл энэ сарын 12-ны өдөр УИХ-аар баталсан Монгол Улс, Евразийн Эдийн Засгийн Холбоо хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд Оросын ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсныг Interfax агентлаг мэдээлснийг Bloomberg TV mongolia дамжуулжээ. 

Тус мэдээлэлд, "Хэлэлцээр одоогоор хязгаарлагдмал тооны буюу 367 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг хамарч байгаа. Гэхдээ Орос-Монголын нийт худалдааны 90 хувь нь татварын хөнгөлөлт эдэлнэ. Цаашлаад ОХУ-аас Монголд хийх экспортын 89 хувь нь татвараас чөлөөлөгдөнө" хэмээн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлжээ.

Түүнчлэн чөлөөт худалдааны үр дүнд Монголын зах зээлд худалдаалагдах, хэлэлцээрт багтсан бараа бүтээгдэхүүний дундаж татварын хэмжээ 6 хувиас 0.2 хувь болж буурснаар Оросын бизнесүүд жил бүр 8 тэрбум рубль хэмнэх боломжтой болохыг онцолсон байна.

Харин Монгол Улсаас ЕЭЗХ-ны гишүүн орнуудад экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа байх юм. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр ЕЭЗХ-ны улсууд руу хийх экспорт 24.1 хувиар өсөх тооцооллыг Засгийн газраас танилцуулж байв. Гэхдээ МУИС-ийн судлаачдын тооцоолсноор хэлэлцээрийн үр дүнд нийт экспорт 3.7 хувиар өсөх бол импорт 4.72 хувиар өсөх төлөвтэй. Ялангуяа аж үйлдвэрийн салбарын импорт 100 гаруй хувиар өссөнөөр дотоодын үйлдвэрлэл 18 орчим хувиар буурах эрсдэлтэйг анхааруулсан" гэжээ.