УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ

Үндсэн хуулийн цэц өнөөдөр (2025.12.26) дунд суудлын хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1, 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Уг хуулийн 101.1-т “Гишүүд Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавьсан бол УИХ уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 43.1 дэх хэсгийн “… УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ …” гэж заасанд нийцээгүй гэж ҮХЦ үзэв.

Түүнчлэн тус хуулийн 102.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Үндсэн хуулийн 44-р зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол УИХ уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, түүнээс хойш …” гэсэн нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 44.1 дэх хэсгийн “… УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор … шийдвэрлэнэ” гэж заасанд нийцээгүй гэж ҮХЦ дүгнэв.

Эдгээр зохицуулалтыг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр ҮХЦ 12-р дүгнэлт гаргалаа.

Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт “УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэж, 44.1 дэх хэсэгт “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон. Иймд дээрх дүгнэлт гарсан цагаасаа хойш үйлчлэх юм. Буцаж үйлчлэхгүй ажээ.