Аж, ахуй, бизнес эрхлэлтийн зовлон мэдэхгүй,  нийгмээс тасарсан татварын байцаагч эмэгтэйн яриаг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хатуу шүүмжлэв /ВИДЕО/

Аж, ахуй, бизнес эрхлэлтийн зовлон мэдэхгүй, нийгмээс тасарсан татварын байцаагч эмэгтэйн яриаг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хатуу шүүмжлэв /ВИДЕО/

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч улсын төсөв 2.8 их наядаар тасалдсан. Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ "Аж, ахуй нэгжүүд татвараа төлөхгүйгээс шалтгаалж төсвийн тасалдал үүссэн" гэж буй. Үүнтэй холбоотойогоор 2200 аж, ахуй нэгжийн дансыг хаасан нь нийгмийн бухимдлыг үүсгэж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. 

Аж, ахуй нэгжүүдийн хувьд татварын дарамтыг үргэлж шүүмжилж ирсэн бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг буулгахыг шаарддаг. Мөн орж, гарсан бүх татвараас 10 хувь зэргийг авдаг нь аж, ахуй нэгжүүдийг үйл ажиллагаагаа өргөтгөх боломжгүй болгох, ашиг олоход хүндрэлтэй байдаг талаар ярьдаг. Гэтэл саяхан татварын нэгэн байцаагч эмэгтэй олон нийтэд мэдээлэл өгөхдөө "Дансыг нь хаачихаар манай бизнес зогсчихлоо гэж ярьдаг. Орлогын гүйлгээг хаадаггүй. Жижиг бизнесүүд өөр зүйлд мөнгөө их зарцуулдаг. Албадлагын арга хэрэглэх нь хоёр талтай. Хүмүүс татвар төлөхдөө яг ижил хариуцлагатай байх ёстой. Нэг нь бүсээ чангалж байгаад татвараа хугацаанд нь төлсөн. Харин нөгөөх нь татвараа төлөхгүй байж байгаад мөнгөө эргэлдүүлж нөгөө хэдтэйгээ өөр түвшинд өрсөлдөх гээд байна. Дансыг нь хаах, зөвшөөрөл олгохдоо татварын өргүй байх гэдэг шаардлагыг тавьж байгаа нь тухайн татвар төлөгчид тусалж байгаа юм" гэжээ. 

Тэгвэл түүний эл мэдээллийг олон нийт шүүмжилсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин " Татварын байцаагч нэг эмэгтэй аж, ахуй, бизнес эрхлэлтийн зовлон мэдэхгүй. Нийгмээсээ тасарчихсан. Уг нь хуулийн этгээд бизнес эрхлээд ажлын байр нэмэгдүүлээд иргэдийг орлогожуулж, эдийн засгийг тэлэхэд хувь нэмэр оруулж, татвар төлөөд явна гэдэг улс орны хамгийн эрхэм, үнэ цэнэтэй зүйл. Гэтэл манай энэ төрийн байгууллагууд сааж амьдарч байгаа үнээгээ алж идэх гээд л аль болох л татан буулгах гээд л, дансыг нь хааж байгаад ч болов үйл ажиллагааг нь боомилж байгаад ч хамаагүй өнөөдөр авах ёстой зүйлээ авч байна. Ирэх жил энэ байгууллага байсан ч яалаа, байгаагүй ч яалаа өнөөдөр л би авах зүйлээ авч байвал гэсэн хандлагаа зогсоомоор байна. Төр хувийн хэвшилтэй байгуулсан гэрээ хэлцэл, хэлсэн үгэндээ хүрмээр байна. Төрийн тендерт ороод ажлаа хийсэн. Төр мөнгөө төлөөгүй. Гэтэл компаниуд банкныхаа зээл, хүүг дийлэхээ больсон. Сүүлдээ тоног төхөөрөмжөө хураалгаад шалдан үлдэж байна" гэжээ. 

ВИДЕО: